logo
Хуулийн төслийг буцаахаар шийдвэрлэлээ

Хуулийн төслийг буцаахаар шийдвэрлэлээ

2012/10/26
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Сангийн сайд “дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн горимын саналыг гаргаж гишүүдийн олонхи дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.
Дараа нь төсвийн хөрөнгө оруулалтын 5 хувийг Засгийн газар ямар нэгэн зориулалт заахгүйгээр төсөвт тусгах агуулга бүхий Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Сангийн сайдын танилцуулгын дараа асуулт асуух болоход С.Ганбаатар гишүүн Сангийн сайдын танилцуулгад шүүмжлэлтэй хандаад, Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Засгийн газарт юуны тухай зураг зурахыг нь УИХ зааж өгдөг. Харин яаж зурахаа та бүхэн шийддэг байх ёстой. Гэтэл Засгийн газар дур мэдэн зарцуулахаар 75 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулахаар зүтгүүлж байгааг эсэргүүцэж байна гэв. Мөн тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон Ж.Эрдэнэбат, Р.Амаржаргал нарын гишүүд Засгийн газарт 5 тэрбум долларын бонд гаргах зөвшөөрлийг өгсөөр байтал УИХ-аас шийдвэр гаргуулахад цаг алддаг гэсэн үндэслэлээр ийм арга хэмжээг төлөвлөж байгаа нь буруу. Бид нэгэнт батлагдсан хуулиндаа захирагдаж ажиллахаас биш ажилдаа тохируулж хууль өөрчлөх ёсгүй гэдгийг хууль санаачлагчид сануулав. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг Засгийн газарт буцаахаар шийдвэрлэсэн.
Харин чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийж дэмжигдээд байсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг сунгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж батлах саналыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх зориулалттай тусгай тоноглолтой автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олонхи гишүүн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж төсөл санаачлагчид нь буцаав. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш