logo
С.Баярцогт: Монгол бичиг, хэл, соёлоо хамгаалах, судлах нь манай төрийн бодлогын нэг юм

С.Баярцогт: Монгол бичиг, хэл, соёлоо хамгаалах, судлах нь манай төрийн бодлогын нэг юм

2012/10/26
УИХ-ын дэд дарга С.Баярцогт Канад Улсын Квебек хотноо Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 127 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр 10 дугаар сарын 23-ны өдөр “Даяаршлагдсан дэлхий ертөнц дэх иргэний харьяалал, шинж байдал болон хэл, соёлын олон янз байдал” сэдэвт тусгай хэлэлцүүлэгт үг хэлэв. 
УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлсэн үгэндээ Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар сүүлийн 22 жил амжилттай хөгжиж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг хүндэтгэсэн улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн дэг журмыг тогтоож байгааг хэлээд энэхүү шилжилтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл болж манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна.
Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед соёлын олон талт байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ Монгол Улс түүх, соёл, урлагийн арвин их өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн илрэл бөгөөд монгол бичиг, хэл, соёлоо хамгаалах, судлах нь манай төрийн бодлогын нэг юм гэв.
ОУПХ-ны 127 дугаар чуулганд 130 орны 1500 гаруй парламент, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, үүний дотор 26 орны Парламентын спикер, 46 орны парламентын дэд дарга, парламентын гишүүд оролцож байна.
Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэртэй уулзлаа
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Канадын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор идэвхтэй хөгжиж байгаа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов. УИХ-ын дэд дарга С.Баярцогт 2012 оны УИХ-ын сонгуулийн талаар, мөн Канадын хариуцлагатай уул уурхай, газар тариалан, барилга, замын стандартыг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай ярив. Тэрээр Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэрт УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээг уламжлан, спикер Э.Шийэрийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг УИХ-ын даргын нэрийн өмнөөс урив. Э.Шийэр урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад айлчлах хүсэлтэй байгаагаа хэлэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш