Жил жилийн наадам цэмцгэр сайхан болж байна гэж хэлж болно. Өнгөрсөн жил хоёр алхамын зайтай хогийн сав байрлуулж байсан. Гэхдээ л манайхан болсон хойно ухамсарт нь ойлгуулахгүй бол хогоо сайн дураараа хогийн саванд хийх нь хойрго санагдаж байсан. Харин энэ жилийн тухайд "Цэмцгэр Монгол наадам" гэсэн уриа барьсан хүүхдүүд энд тэндгүй зогсож хогоо уутанд хийхийг уриалж байсан юм. Дуу хууртай уриалга, зогсоо зайгүй бөмбөрдөх, бөмбөрийн аялгуунд цохигдсон наадамчид цэмцгэр сайхан наадацгаая гэсэн уриалгад нэгдэж байлаа. Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Цэмцгэр Монгол наадам” аяныг наадмын хоёр өдрийн турш зохион байгууллаа. “Оюуны эрэл” оюутны холбооны оюутан залуучууд тус ТББ-аас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцсон аж. Тус оюутны холбооны гишүүн Б.Батсүх, Д.Отгонбилэг нар “Бидний энэхүү ажлын гол онцлог ирэх наймдугаар сарын 27-нд болох Дэлхийд Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ойг угтсан ажлын нэг хэсэг нь юм. Дэлхийн ойг угтаж Монгол оронд тулгамдсан найман асуудлыг шийдэх ёстой юм. Тухайлбал,”Арван төгрөгний хүч”, “Бид хөгжлийн эзэд”, “Энхийн ногоон мод”, Энхийн ногоон гоол” зэрэг найман ажил зохион байгуулна” гэлээ. Ийнхүү Монголчууд өмнөх жилүүдийг бодвол цэмцгэр наадсан гэж хэлж болно. Энэ ажлын хүрээнд 500 орчим уут хог цуглуулсан байна.
Ц.Мягмарбаяр