logo
Хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авахыг Шинэчлэлийн Засгийн газраас өчигдөр танилцууллаа

Хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авахыг Шинэчлэлийн Засгийн газраас өчигдөр танилцууллаа

2012/10/26
Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхэллээ.Энэ ажлын хэрэгжилт хийгээд иргэд хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авахыг өчигдөр Шинэчлэлийн Засгийн газраас нийслэлийн зургаан дүүргийн 88 хорооныдарга, хэсгийн ахлагч нарт танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ дунджаар 225 мянган төгрөг, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ийн багтаамжтай жижиг тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэ ажлын үр дүнд 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд авах юм. Иймэрс хямдралтай үнээр 2012 оны 11 сарын 7-ноос 2013 оны 5 сарын 7 хүртэл зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 126000 өрх бүр 2,6 тонн нүүрс авах боломж бүрдэнэ.Үр дүнд нь айл өрхүүд нүүрснийхээ зардлаас 320 мянган төгрөг хэмнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ нь 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгоно.
Өнөөдрийн уулзалтын үеэр хэсгийн ахлагч нарын зүгээс Багануурын нүүрсийг сонгох болсон шалтгааны талаар олонтаа асуулаа.Налайхын нүүрсний уурхай бүхэлдээ хувийн хэвшилд шилжсэн, олборлох нөхцөл хүнд, аюултай тул төрийн өмчийн оролцоотой Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх зохицуулалт хийснийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх тайлбарлалаа.Ингэхдээ Багануурын уурхайн нүүрсний чанарт онцгойлон анхаарч, 2-15 см-ийн голчтой нүүрс нийлүүлэхээр уурхайн өрөгцөгт тусгай шигшүүр тавихаар харилцан тохиролцсон.Иймд иргэдэд очих нүүрс хаягдал гологдолгүй байх юм.
Нийслэлийн нэг өрх хоногт дунджаар 14 кг, хотын гэр хорооллынхон нийтдээ 1764 тн нүүрс түлдэг учир энэ хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулангаргах, мөн олборлосон нүүрсийг саадгүй тээвэрлэн нийслэлд хүргэх талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй тохиролцоонд хүрлээ. Төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэнэ.Хорооноос цаашхи дамжлагыг борлуулагчид гүйцэтгэх ба хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулна.Ингэхдээ тухай хорооны нутаг дэвсгэрийн хүн ихтэй хэсгийг сонгоно.Хамрах хүрээний хувьд баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд борлуулалт хийнэ.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажилд Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатар Төмөр Зам, нийслэл, дүүрэг, хороод болон савлалт, түгээлт хийх “Эм Жи Эл Эс Би” компанийн 1600 орчим гэрээт ажилтан, нийтдээ 4000 гаруй хүн оролцож байна.
Гэр хорооллын өрх бүрт хуваарилагдах 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох бололцоогүй тул иргэн та 3 хоног тутам 40 кг-аар савласан 1 шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой.Хямд үнээр борлуулах хүртэл олборлолт, тээвэрлэлт, савлалт, хүргэлт, түгээлтийн олон дамжлага бүхий ажил ард нь үргэлжилж байгаа тул иргэд нүүрсээ нэг дор бөөнөөр авах боломжгүйг анхаарах хэрэгтэй.
Хямд үнээр нүүрс авах эсэх сонголт хэрэглэгчдэд үлдэх ба авах иргэд хэсгийн ахлагчдаа бүртгүүлэн, банкинд тушаасан мөнгөний баримтаа борлуулагчид өгөн нүүрсээ авах юм 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш