logo
Нүүрсний үнийг бууруулах ажилд тээвэрлэлтийн хүндрэл үүсэхгүй

Нүүрсний үнийг бууруулах ажилд тээвэрлэлтийн хүндрэл үүсэхгүй

2012/10/26
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн иргэдийн гар дээр очиж буй жижиглэнгийн нүүрсний үнийг одоогийнхоос эрс хямдруулах ажлыг Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлээд байгаа билээ. Нүүрсний үнийг хямдруулах гарц боломжийн талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх холбогдох байгууллагуудтай сарын турш хамтран ажиллаж, улмаар Ерөнхий сайд Багануурын уурхайд биечлэн очиж, үүрэг чиглэл өгсөн юм. Тодруулбал, өнөөг хүртэл цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг хангаж ирсэн тус уурхайд нийслэлийн иргэдийн хэрэглээний нүүрс олборлолтод зориулж шинэ мөргөцөг гарган ажиллах, олборлосон нүүрсний нунтаг хаягдлыг багасгахын тулд шигшүүр тавихыг “Багануур” ХК-д даалгасан юм.
Тэгээд Багануурын уурхайгаас иргэдийн хэрэглээнд зориулан гаргасан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн нийслэлд буулгахад хүндрэл гарах эсэхийг Төмөр замын удирдлагуудаас тодрууллаа.
Төмөр замын удирдлагуудын зүгээс нүүрс тээврийн 28 вагон гарган ажиллах боломжтой бөгөөд энэ тоог өвлийн ид хэрэглээний үед нэмэх бололцоотойг дуулгав. Энэ тооны вагоноор сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард нийт 338 мянган тн нүүрс тээвэрлэж, нийслэлийн 126 мянган өрхийн хэрэгцээг хангах юм. Уулзалтын үеэр мөн тээвэрлэлтийн төлбөр, төлөлтийн хэлбэрийн талаар ярилцан тохиролцлоо.
Тээвэрлэлтийн дараах шат дамжлагыг хэрхэн зохион байгуулж, улмаар айл өрхүүдэд тонн нүүрсний үнийг 200 мянган төгрөгөөс 80 мянган төгрөгт буулгаж хүргэх талаар 14.00 цагт Соёлын төв өргөөнд Шинэчлэлийн Засгийн газраас хороодын дарга нарт танилцуулга хийлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш