Монголбанк 12 хүний бүрэлдэхүүнтэй Мөнгөний бодлогын зөвлөл байгуулжээ. Зөвлөл Монголбанкны мөнгөний бодлогыг тодорхойлоход байр сууриа илэрхийлэн судалгаа шинжилгээ хийн, дүгнэлт гаргах юм.
Зөвлөлд Монголбанкны холбогдох албан тушаалтнуудаас гадна Засгийн газрыг төлөөлж Сангийн дэд сайд С.Пүрэв, судлаачдын төлөөлөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал, доктор Б.Отгонтөгс, СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал нар багтжээ.
Өмнө нь мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны захирлуудын зөвлөл гаргадаг байсан бол зөвлөл байгуулагдсанаар Засгийн газар, судлаачид мөнгөний бодлогын шийдвэрт саналаа оруулах боломжтой болж байна. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын Д.Болдбаатар "Энэ зөвлөл байгуулагдсанаар Төв банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хүртээмж нэмэгдэж, асуудлыг олноороо хэлэлцэх, гарсан шийдвэрийг илүү ил тод болгох боломж нээгдэж байгаа юм.
Шийдвэр гаргах, мэдээлэх шатанд ахиц гарна гэсэн үг. Ингэснээр эдийн засгийн субьект болох иргэд, аж ахуй нэгж төрийн бодлого шийдвэр, зохицуулалтыг дор бүр нь мэдэж, үйл ажиллагаандаа тусгах боломжтой болно" гэсэн юм.
Ш.Болд