logo
М.Бат-Оюун: Монгол охин Бээжинд хар тамхины боол болоод сууж байна

М.Бат-Оюун: Монгол охин Бээжинд хар тамхины боол болоод сууж байна

2012/10/27
Улсын хөгжил сул дорой, Улаанбаатар хот утаатай, цалин хөлс бага, цаг агаар нь эрс тэс  гэх мэт тү­мэн шалтаг тоочоод харь орныг зорих за­луусын тоо буурахгүй байгаа билээ. Аж амьд­ралаа дээшлүүлэх гэж харь улс руу явсан за­рим залуус эргэн ирц­гээж байна.  Тэдний нэг болох  М.Бат-Оюун га­даадад ажиллахаар явж байгаа залуус болон ар гэрт нь сэрэмжлүүлэг болгох үүднээс ярилц­лага өгсөн юм.

-Өөрийгөө танилцуу­лахгүй юу?

-Би Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт төр­сөн. Одоо 25 настай. Хөдөө орон нутагт бага дунд сургуулиа төгсөөд 2004 онд Улаанбаатар хотод ирсэн. Хархорин захын цайны газар ажил­лаж байлаа. Ерөнхийдөө бол тогтсон ажилгүй, хүү­хэдтэйгээ цуг байр хөл­сөлж амьдардаг байсан. Тэгээд нэг өдөр Ш.Гэрэл гэдэг эгчтэй танилцсан. Тун аятайхан хувцасла­даг, яриа хөөрөөтэй эгч байлаа.

-Энэ эмэгтэй таны амьд­ралд өөрчлөлт гаргажээ дээ?

-Тийм ээ. Ш.Гэрэл  надад гадаад улсад гарч ажиллахад цалин хөлс ахиу олдог, хэдхэн сарын дотор машин, байртай болох боломжтой гэдэг байсан. Түүний тансаг яриаг сонссоор байгаад га­даа­дад гарч ажиллах бодол төрсөн. Энэ талаа­раа Ш.Гэрэл эгчид хэлэхэд “Чи ганцхан замын зардлаа л олчих. Би Турк улсад чамд ажил олж өгнө” гэсэн. Ингээд би замын зардал болох 2,5 сая төгрөг олохын тулд баахан хүнээс зээл хийсэн. Туркт 1500 ам.долларын ца­линтай ажилд ороод өр ширээ дарахаар тохирлоо. Улаанбаатар хотоос өөр газар хөл тавьж үзээгүй хүнд Турк улс  гэдэг диваажин юм шиг санагдаж байсан юм.

-Ингээд Турк улс руу нисчээ дээ.

-Тийм ээ. Бүх юм ногоон гэр­лээр бүтээд байсан. Гэрэл эгчийн хувьд Турк улс руу олон удаа гарсан учраас хар тамга даруул­чихсан байсан юм. Тийм учраас ойролцоо царайтай эмэгтэйн гадаад паспортоор гараад явчихна гэсэн. Үнэндээ бол Монгол Улсын хилээр гарахад асуу­дал болохоос туркууд анзаар­даггүй юм би­лээ. Бид хоёр эндээс дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ниссэн. Моск­вагаар дамжаад Стам­бул хотод буусан.

-Хэн тоссон бэ?

-Хэн ч тосоогүй. Анх удаа онго­цонд сууж, гадаадад очно гэдэг гоё байлаа. Шууд л Стамбулын нисэх буудлаас таксидаад хотын төв рүү орсон. Бүх юмыг Гэрэл эгч амжуулж байсан. Хотын төв рүү оронгуутаа л Гэрэл эгч сонин зүйл ярьж эхэлсэн  дээ.

-Юу гэж ярьсан бэ?

-Турк улсад мөнгө олоход хэцүү. Сэргэлэн, овсгоотой байвал мөнгө олох боломж­той гэсэн. Тэгээд Монголоос ирсэн бүсгүйчүүл гол­дуу ши­рээний хүүхний ажил хийдэг тухай яриад эхэлсэн. Намайг ши­рээ­­ний хүүхний ажил хийх үү, мөнгө ахиу олно гэж хэлэхэд нь хариу хэлээгүй. Дараа нэг газар очсон.

-Ямар газар вэ?

-Стамбул хотын зах хавь­цаа л байсан байх. Шууд нэг подвальд орсон. Тэнд дүүрэн монголчууд байсан. “Сэгсгэр” Ганбаа гэдэг хүн Улаан­баатараас ирсэн хүн бүгдийг тосч авдаг юм билээ. Тэнд хонохоор болсон. Шөнөжин архи уугаад өглөө босоход Гэрэл эгч алга бол­чихсон байсан. “Сэгсгэр” Ганбаа­гаас асуухад “Танай эгч Анкара хот руу нөхөр рүүгээ явчих­сан. Гурван сарын дараа ирнэ. Тэр болтол чи энд ажил хийж амьдарна” гэсэн.

-Тэр подвальд амьд­рахаар болсон хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Яг над шиг Гэрэл эгчид хаягдсан бүсгүйтэй  хамт амьдрахаар болсон. Тэр под­валь халуун гэж жигтэйхэн. Олон хүмүүс жижигхэн өрөөнд чихэлдэж унтана. “Сэгсгэр” Ганбаа гэ­хээр Туркт очсон монголчууд андахгүй. Хүүхэн зардгаараа алдартай нэгэн юм билээ.

-Тэгээд биеэ үнэлж эхэлсэн үү?

-Газар мэдэхгүй, хэл ус нэвт­рэхгүй хүн өлсөж үхэхгүйн тулд биеэ үнэлж эхэлдэг юм билээ. Ганбаа, Баяраа хоёр үйлчлүүлэгч олж ирнэ. Голдуу барилгачид, хятадууд, оросууд гээд янз бүрийн улстай унтах болсон. Ихэнх нь согтуу ирдэг юм.

-Эсэргүүцэл үзүүлэх, зугтаах тухай бодсон уу?

-Ганбаа, Баяраа хоёр гурван монгол бүсгүйн биеийг үнэлүүлж мөнгө олно. Тэр хоёр биднийг зодож нүддэг­гүй байсан. Хэрвээ биеэ үнэлэхгүй, мөнгө олохгүй бол хоол унд өгөхгүй. Яагаад ч юм бэ тэдний эрхээр амьдраад байсан. Гэрэл эгч утсаар ч ярихаа байгаад Монгол Улс руу буцчихсан гэж дуулдсан юм.

-Гадуур гардаг байсан уу?

-Гарна. Тэгэхдээ том дэл­гүүрээр орж хулгай хийнэ. Том дэлгүүр оронгуутаа баахан хувцас авч  гялгар мөнгөлөг цаасаар дохиол­лыг нь боочихдог юм. Тэгэхээр дохиолол дуугарахгүй. Бас жижиг хайч авч ороод дохиолол бүрийг нь таслаад авчихдаг байсан. Хул­гайл­­сан бараагаа зараад хоол унд, архи дарс аваад уучихна.

-Цагдаад хандах тухай бод­дог байсан уу?

-Туркийн цагдаад нэг хүүхэн хандсан юм билээ. “Сэгсгэр” Ганбаа хэл устай учраас нөгөө бүсгүйг эхнэрээ гэж хэлээд цагдаагийн газраас үсдээд авч ирсэн гэдэг. Миний хувьд яаж ийж байгаад хэлтэй болж мөнгө хураах тухай л боддог бай­сан. Өр шир, замын зардлаа олох хэрэгтэй болсон. Нөгөө хоёрт олсон мөнгөнийхөө ихэн­хийг өгчих­дөг болохоор замын зардлаа олох бололцоо олдоогүй. Уг нь хэл устай бол сардаа мянган ам.долларын цалин аваад байх болол­цоотой юм билээ. Тэнд 4-5 сар болж байтал Туркийн цагдаад  баригдчихсан.

-Яаж яваад баригдчих­сан юм бэ?

-Яахав дээ. Нөгөө л ажлаа хийх гэж яваад баригдсан. Туркийн цагдаа гадаадын харьяат дээр хүргэж өгсөн. Тэнд орос, молдав, латви гээд олон биеэ үнэлэгчидтэй хамт хоригдож байлаа. Дансанд нь мөнгө төгрөг орохгүй бол тэндээ байгаад л байна. Нэг ёсны шорон л юм даа. Би эндээс хөдөө суугаа ээж рүү­гээ ярьсан. Тэтгэврийн зээл, энэ тэр аваад явуулсан бай­лаа. Тур­кийн гадаадын харьяатын эрх­лэх газрынхан Бээжин­гийн онгоц­ны буудал дээр хаячихсан.

-Бээжинд хэр удав?

-Бас хад мөргөж байгаа байхгүй юу. Улаан паспортоо үзүүлээд явна. Хэн ч тоохгүй. Тэгээд нэг таксины жолоочид паспортоо үзүүлээд Улаан­баатар хот явъя гэж хэлсэн. Хэл мэдэхгүй монголчууд “Тата­тун­гаадах” гэдэг байхгүй юу. Тэгтэл нөгөө таксины жолооч олон улсын галт тэрэг­­­ний зогсоол дээр орхичих­сон. Тэндхийн зогсоол дээр нэг хоносон. Аргаа бараад цагдаа­гийн газарт нь очоод уйлаад суучихсан. Цагдаа­гийн газрынхан “Монголиа” гэж байснаа нэг өвөр монгол эгчтэй яриулсан. Тэр эгчид “Би Туркээс баригдаад явж байна. Намайг Монгол Улс руу явуулах унаанд суулгаж өг” гэсэн. Тэгээд намайг Монгол Улсын Элчин сайдын яаманд хүргэхээр болсон.

-Энэ хооронд Бээжин хоттой танилцсан уу?

-Бээжинд байх хугацаан­даа Анужин гэдэг охинтой танилцсан. Биеэ үнэлэгч. Бас нэг подвальд амьдарч биеэ үнэлнэ. Гэхдээ цалин хөлс авч, дуртай үедээ Улаан­баатар хотод ирдэг юм билээ. Бээжинд биеэ үнэлээд машин тэрэг, орон сууцтай болсон гэж байсан. Түүнтэй хамт хэд хоносон. Өвөр монгол залуу­чуудтай найз­алж хар тамхи татдаг, зөөдөг болчихсон юм билээ. Түүний найз Тунгаа гэдэг охинтой танилцсан. Бээжин хотод нэг хятад залуу­тай амьдардаг. Бас хар тамхичин болчихсон. 1985 онд төрсөн их царайлаг охин. Нөгөө хятад залуу нь хар тамхи татуулаад байдаг гэсэн. Тэр охин хэд хэдэн удаа зугтаах гэсэн ч хятад залуу нь бариад авчихдаг. Байршил тогтоох зүйл бие хаад нь суулгачихсан болов уу.

-Хятад улсад хар тамхи зөө­вөл цаазаар авахуулдаг хууль­тай. Аав ээж нь мэддэг болов уу?

-Аав ээж нь мэддэггүй. Хар тамхи татдаг, зөөдөг, подвальд амьдардаг гэвэл Хятад руу явуулахгүй биз. 1985-1990 оны хооронд төрсөн охидууд байдаг юм.  Аав ээж нь бололцоотой, сайхан амьдардаг гэж дуул­сан. Бүсгүйчүүл Улаанбаа­тар-Бээжин­гийн хооронд биеэ үнэлэх байдал хэрээс хэтэрсэн.Тэр топ моделиуд чинь хүртэл зах зээлийн эхэн үед биеэ үнэлдэг байсан юм билээ. Хар тамхи татах, зөөх асуудалд хууль хяналтынхан анхаараасай. Үр хүүхдүүдээ хаана юу хийж явааг мэдээсэй билээ.

-Эдгээр охидтой Бээжин хотод уулзах бололцоотой юу?

-Тийм бололцоо бий. Саяхан хүртэл энд ирчихсэн над руу ярьж байсан. Анужин “Улаанбаатар уйтгартай байна. Бээжин явах уу. Гоё шүү дээ” гээд утасдаж байна лээ.

Т.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш