logo
“Цахим парламент” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

“Цахим парламент” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

2012/10/27
УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3,5 сая ам. долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” багц төслийг 2013-2015 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцон, хэлэлцээрийн протоколд 10 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа.   
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Солонгосын талаас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл болон БНСУ-ын мэргэжилтнүүд, Монголын талаас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүмүүс оролцов.
Эл төслийн хүрээнд дараах ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэх аж. Үүнд:
                -Парламентын цахим мэдээллийн төв /Data center/ байгуулах, 
                -УИХ-ын   чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны системийг шинэчлэх,
                -Хуралдааны танхимуудын камерын системийг шинэчлэх,
                -Шаардлагатай зарим программ хангамжийг шинэчлэх,
                -Тамгын газрын холбогдох ажилтнуудыг сургаж дадлагажуулах.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Цахим парламентын хөгжилд томоохон ахиц дэвшил гарч, УИХ орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, найдвартай ажиллагаа бүхий компьютерийн сүлжээтэй болох бөгөөд уг сүлжээнд түшиглэн хууль тогтоох үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүхий л мэдээ, мэдээлллийг агуулсан хамгаалалтын цогц систем бүхий Парламентын цахим мэдээллийн төв байгуулах юм. Уг төв УИХ-ын гишүүдийг төдийгүй интернэтээр дамжуулан иргэд-сонгогчдыг парламентын үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллээр шуурхай хангах үндсэн үүрэгтэйгээр ажиллах аж. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг техник болон программ хангамжийн хувьд бүрэн шинэчлэхээс гадна хуралдааны танхимуудын камерын системийг ч иж бүрэн шинэчилснээр хуралдааны дуу, дүрсийг өндөр чанартайгаар дамжуулах, улмаар мэдээллийн сан бүрдүүлэх боломжтой болох юм.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
-3,5 сая ам. долларын өртөгтэй энэхүү томоохон төсөл хэрэгжин парламентын үйл ажиллагааг улам боловсронгуй болгосноор УИХ болон байнгын хороодын үйл ажиллагаа цаашдаа ихээхэн шинэчлэгдэх юм. Хоёр жилийн өмнө солонгос нөхдийн тусламжаар КОИКА, Тамгын газар хоёр хамтран “Цахим архив” хэмээх том төсөл хэрэгжүүлсний дүнд парламентын архив цахимжиж, олон нийт түүнтэй богино хугацаанд ил тод танилцах боломжтой болсон. Одоогоор УИХ-ын архивын баримтын 45 орчим хувь нь цахим хэлбэрт шилжээд байгаа. Цахим архив ойрын үед бүрэн бүрдэж дуусах бөгөөд иргэд-сонгогчид дуртай үедээ УИХ-ын үйл ажиллагаатай танилцах боломжтой болох юм. Өнөөдрийн энэ “Цахим парламент” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ажиллагаа нь УИХ-ын Тамгын газрын хувьд дараагийн шатны томоохон ажлын эхлэлийг техникийн талаас нь хангах түүхэн үйл явдал болж байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар, ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш