logo
Хурууны хээгээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдүүлдэг асуудлыг удахгүй шийднэ гэлээ

Хурууны хээгээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдүүлдэг асуудлыг удахгүй шийднэ гэлээ

2012/10/27
“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгаар 2012.10.26-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-д өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй  байгаа нийт 35 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь төсөл санаачлагч  гишүүдийн олонхийн бүрэн эрхийн хугацаа дууссан, зарим төслийг дахин боовсруулах шаардлагатай гэж үзэж “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж иржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж холбогдох байнгын хороо үзжээ.  Энэ санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах асуултыг тавьсан юм. Тэрбээр,  Гэр бүлийн тухай хууль нь Эрүү, Иргэний хуулийн харилцааг зохицуулах, хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах учиртай. Хүүхдийн өмчлөлийн асуудал, хүүхдийн эдийн засгийн асуудал гээд шийдэгдэхгүй байгаа олон асуудлыг зохицуулах, нийгэмд хүлээгдсэн, тулгамдсан хуулийн төсөл байсан. Хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх ёстой гэдгийг хуульчлах гэж энэ хуулийн төслийг санаачилсан.  Тиймээс төсөл нэгэнт буцаагдаж байгаа бол Хууль зүйн байнгийн хороо, Хууль зүйн яам хэзээ энэ асуудлыг ярих вэ” гэв. УИХ-ын гишүүний асуултад хариу өгөх Засгийн газрын гишүүн, Байнгын хорооны дарга байхгүй байсан учраас илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ойлголоо, Засгийн газар анхаарч ажиллана” гэсэн хариулт өглөө.  Түүнчлэн Р.Гончигдорж гишүүн “Энэ чухал хуулийг огт хэлэлцэхгүй болгож, буцааж байгаа хэрэг биш. Засгийн газар үйл ажиллагаатайгаа уялдуулан холбогдох хуулийн үзэл санааг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах ёстой. Гэхдээ энэ хуулийн төслийг яагаад буцаав гэдгийг  тогтоолын төсөлд хангалттай дурдаж оруулж ирээгүй байна. Төслийн ямар зүйл, заалт болохгүй байгаа, ямар шалтгаанаар буцаав гэдгийг тодорхой болгож оруулж ирэх хэрэгтэй” гэж байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржын хувьд энэ өдрийн чуулганы хуралдаанд УИХ дахь АН-ын гишүүдийн тоо, ирц хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр “Эрх баригчид  ирцээ бүрдүүлээч, хэн хаана ямар ажилтай байна гэдгийг хуралдааны эхэнд танилцуулдаг байгаач. Төслийн хувьд С.Батболдын Засгийн газрын үед оруулж ирсэн хуулийн төсөл. Хэн өргөн мэдүүлсэн нь сонирхолтой бус шүү” гэсэн санал, шүүмжлэл хэлсэн.
УИХ-ын дарга З.Энхболдын танилцуулснаар гадаадад томилолтоор О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Баярцогт, Л.Болд гишүүн, орон нутагт М.Зоригт гишүүн ажиллаж байна. Түүнчлэн Б.Болор, Б.Наранхүү, Ч.Сайханбилэг гишүүд чөлөөтэй байгаа бол Сү.Батболд, С.Одонтуяа, Я.Санжмятав, У.Хүрэлсүх гишүүн өвчтэй, харин Ё.Отгонбаяр гишүүн  тасалж хуралдаанд 58 гишүүн буюу 81,6 хувийн ирцтэйгээр оролцжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн гишүүдийн ирц хангалтгүй байгааг хэлж, ирээгүй гишүүдийн картыг шургуулж ирц бүрдүүлэх хууль бус ажлыг хуралдаан зохион байгуулагчид хийж байна, ийм асуудал гаргахгүй тулд холбогдох хүмүүстэй  хариуцлага тооцооч гэсэн шүүмжлэл хэлж байсан. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үг хэлэх ёстой гэдгийг С.Бямбацогт гишүүнд сануулаад хурууны хээгээр ирц бүрдүүлдэг асуудлыг удахгүй шийднэ. Төсөвт мөнгө байхгүй учир энэ асуудлыг БНСУ-ын  Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3,5 сая амдолларын буцалтгүй тусламжаар шийднэ гэдгийг мэдэгдсэн.
Ийнхүү гишүүд “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэний эцэст санал хураахад  56,3 хувийн саналаар төсөл дэмжигдэлгүй, холбогдох хуулийн төслүүдийг  үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш