logo
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг прокурорын газарт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг прокурорын газарт шилжүүлжээ

2012/10/29
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрөгч долдугаар сараас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж эхэлсэн юм. Тэгтэл саяхан уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдэн нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр холбогдох хуулийн байгууллагаас экс гишүүнд хууль бус газрын наймаатай холбоотой хэрэгт нь таван жилийн хорих ял төлөвлөсөн байна. Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан н.Ариунболд гэгч хамтран оролцогчоор шалгагдаж яллагдагчаар татагджээ. н.Ариунболдыг албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан хэрэгт буруутган Д.Дондогтой хамтран хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Хэргийн талаар товч сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг өнгөрөгч 2011 оноос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон анх шалгасан боловч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдгээр хаацайлан хэргийг түтгэлзүүлсэн юм. Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон.
Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ. Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлсэн тухай гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан байдаг.
Улмаар тус компаниас “Сум бар” ХХК-ийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. “Меритон” компаниас нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ. Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас “Меритон” компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн хэлэхээр Д.Дондогийн газрын наймаатай холбоотой хэрэгт н.Ариунболдоос гадна хэд хэдэн цагдаагийн ажилтнууд холбогдоод буй сурагтай.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш