logo
Сара Армстронг АТГ-т байцаагдсаныхаа дараа дөрвөн бие хамгаалагч хөлсөлжээ

Сара Армстронг АТГ-т байцаагдсаныхаа дараа дөрвөн бие хамгаалагч хөлсөлжээ

2012/10/29
Хонгконгод төвтэй Монголын уул уурхайн компанид хууль эрхзүйн зөвлөхөөр ажилладаг Сара Армстронг гэгчийг Монголын АТГ баривчилсан нь Монгол төдийгүй Австралид шуугиан тариад байсан билээ. Австралийн гадаад хэргийн сайд Боб Карр иргэнээ хамгаалалтад авахыг хүсч тусгай төлөөлөгчөө Монгол руу явуулахаар болсон. Мөн Монгол дахь Австралийн консул Дэвид Лаусон Сара Армстронгийг байцаах үед нь хамт байна хэмээн зүтгэж хуулийнханд төвөг удсан гэсэн мэдээлэл тархсан билээ.

 Сара Армстронг нь энэ жил 32 настай, “South Gobi sands “ компанийн хуулийн зөвлөхөөр ажилладаг. Рио Тинтод 2010 оны дөрөвдүгээр сараас хойш ажиллаж байгаа. Үүнээс өмнө зэсийн аварга компани Xstrata-тай хамтран ажилладаг Linklaters хэмээх хуулийн фирмд ажилладаг байжээ. Одоогоор түүнд ямар ч хэрэг тулгаагүй байгаа юм байна.

 Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр “Тэр баривчлагдаагүй. Гадаад паспорт бичиг баримт нь өөрт нь яваа. Хурааж аваагүй. Тэгэхээр тэр баривчлагдаагүй гэсэн үг. Харин түүнээс цаашдаа зарим нэг асуудлаар мэдүүлэг авах юм байна. Түүний ажиллаж байсан компани нь эрх баригчидтай асуудал үүсгээд байсан юм билээ. Сара Армстронгийг одоогоор буруутгасан юм байхгүй” гэж өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлжээ.

  Түүнийг дөрвөн сарын өмнө Монголоос гарч явахгүй байхыг сануулсан тухай асуухад хариулахаас татгалзжээ. SouthGobi sands-ийн Хонгконг дахь төв оффисоос мөн Сара Армстронг төдийгүй компанийн өөр ямар ч ажилтанд одоогоор ямар нэг хэрэг тулгаагүй байгаа гэдгийг баталсан байна. Компани Монголын АТГ-тай тодорхой асуудалтай байгаа, энэ асуудлынхаа хүрээнд холбоотой ажиллаж байна гэж уг мэ­дэгдэлд дурьджээ.

 Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материалуудыг харахад ерөнхийдөө Рио Тинто нэлээд томоохон асуудалд орооцолдлоо гэсэн байр суурьтай байна. Rio Tinto өмнө нь олон улсыг хамарсан авлигын хэрэгтэй нэг бус удаа орооцолдож бай­сан. Хамгийн сүүлд гэхэд тус компанийн дөрвөн ажилтан авлига өгөхийг завдсан хэргээр БНХАУ-ын шүүхээс ял сонсч байсан юм. Тэдний дотор Стерн Ху гэгч Австралийн иргэн байсан билээ.

 Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр, Монгол дахь Австралийн консул Дэвид Лау нар энэ хэргийг хурдхан шийдэгдээсэй гэсэн байр суурьтай байна. “Монгол, Австрали улсууд хоорондоо маш сайн харилцаатай. Тиймээс бид энэ асуудлыг ч гэсэн хурдан хугацаанд нааштайгаар шийдвэрлэх боломжтой гэж би бодож байна” гэж Боб Карр ярьсан байна.

 Сара Армстронгийн хувьд, тэрбээр нисэх онгоцны буудлаас баригдаж АТГ-т байцаагдсаныхаа дараа шууд дөрвөн бие хамгаалагч хөлслөн авсан гэнэ. Түүний ээж нь энэ талаар Австралийн сонинд ярьжээ. Мөн Монголд чухам юу болсон та­лаар гэрийнхэндээ тодорхой юм яриагүй аж. Үүнээс үзвэл тэрбээр нэлээд их нууц мэддэг, басхүү тэр нууц нь хэн нэгний эрх ашигтай харшилдаж, өөрт нь аюул учирч болохыг ойлгож байгаа бололтой юм.

 Түүнийг саатуулагдсаныхаа дараа МАН-ын генсек Г.Занданшатартай уулзахыг хүссэн гэсэн мэдээлэл зарим сайтуудад тавигдсан. Гэвч энэ мэдээлэл одоогоор баталгаажаагүй байгаа. Канадын хөрөнгө оруулалттай “СаусГоби Сэндс” компани БНХАУ-БНМУ-ын хилээс 45 километрийн зайд орших Өмнөговийн Овооттолгойн нүүрсний ордод 2007 оноос үйл ажилллагаа явуулж байсан бөгөөд 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт өнгөрсөн тавдугаар сараас хойш сэжиг­лэгдэж байгаа юм.

Уг хэрэгт холбоотой, компанийг удирдаж байсан Denis Lehoux, David Bartel нараас мэдүүлэг авч чадахгүй байгаа нь хэрэг удаашрах нөхцөл болж байгаа гэж хуулийн байгууллага мэдэгдэж байсан. Энэ хэрэгт холбогдуулан компанийн одоогийн захирал Жейсон Капла нарын хэд, хэдэн хүнийг байцааж, Монголоос гарч явахыг хориглосны нэг нь Сара Армстронг байжээ.

Х.Батсайхан
Эх сурвалж: "Монголын Мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш