logo
Цаасан мэндчилгээг цахим болгоё

Цаасан мэндчилгээг цахим болгоё

2012/10/29
УИХ-ын дарга З.Энхболд санаачилга гарган, УИХ-аас томилогддог байгууллагуудын удирдлагад хандаж, дараах үүргийг хүргүүлсэн байна.

Үүнд, Цаасан мэндчилгээг цахим болгох Жил бүрийн шинэ жил, бусад баяр, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниуд өөр хоорондоо баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэхдээ хэвлэмэл цаасан ил захидал ашиглаж байгаагаас гадна оргилуун дарс, бэлэг сэлтийг илгээдэг болоод удаж байна.

Энэ нь төсвийн хөрөнгийг хэмнэх, зардлыг багасгах зорилт тавьж буй өнөө үед удирдлагын зардлыг нэмэгдүүлж, хэт үрэлгэн байдлыг бий болгож байна.

Зөвхөн өмнөх жишгээр тооцоход УИХ-ын даргын хувьд би, шинэ жилийн мэндчилгээг 300 гаруй албан тушаалтанд явуулах болох нь. Энэ бүгдийг хэвлэх, хүргэх зардал татвар төлөгчдийн халааснаас л гарна. Иймд албан мэндчилгээ явуулдаг журмыг шинээр тогтоон хэрэгжүүлж эхлэх шаардлагатай бөгөөд орчин үеийн мэдээллийн технологи, интернэтийн давуу тал /зардалгүй/-ыг ашиглан цахим хэлбэрээр явуулдаг байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Бага зардлаар баяр тэмдэглэх

Баяр ёслол, ой, тэмдэглэлт үйл явдлыг ёслон өнгөрүүлэхдээ хэт нүсэр зохион байгуулах нь төр, захиргааны болон төсвийн байгууллагуудын үргүй зардлыг асар их нэмэгдүүлж байна.

Ялангуяа шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр энэ байдал илүү тод мэдрэгддэг. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, баяр цэнгээнийг архидалт болгон хавтгайруулдаг зохисгүй ийм явдлыг энэ шинэ жилийг тэмдэглэхээс эхлэн зогсоох саналтай байна.

Ажил бүтээлээрээ тэргүүлсэн хүнийг урамшуулж дэмжихдээ эдийн засгийн хэлбэрээр, ажлын үр дүнтэй нь шууд уялдуулах нь зөв юм.

Байгууллагууд жил бүр “оны шилдэг”-ээ тодруулж, цом, аваргын тууз, жаазтай бичиг зэргийг өгдөг нь сэтгэл санааны хувьд таатай хэдий ч амьдралд нэмэр болох нь ховор. Цаашид төсвийн байгууллагуудын хувьд тэмдэглэлт үйл явдал, баярыг ёслон өнгөрүүлэхдээ аль болох бага зардлаар энгийн тэмдэглэх нь зүйтэй хэмээн үүрэг өгсөн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш