logo
Б.Хурцын асуудал шийдэгдээгүй хэвээр байна

Б.Хурцын асуудал шийдэгдээгүй хэвээр байна

2011/07/14
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-нд Лондон хотноо болсны дараа түүнийг Германы талд шилжүүлэх эсэх эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд гаргана хэмээн шүүгч нь мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар шийдвэр манай талд эцэслэн ирээгүй л байна. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Б.Болороос тодруулвал "Английн талаас манайд хариу ирүүлээгүй байна. Шүүгч нь энэ сарын 12-нд шийдвэр гарна гэж танилцуулсан ч албан ёсны мэдэгдэл ирсэнгүй. Магадгүй шүүх хурлын шийдвэрийг дахин хойшлуулсан байж болох юм. Тэгээд ч өмгөөлөгчид нь "ойрын хугацаанд шийдвэр гарахгүй байх" гэж таамаглаж байгаа. Ямар шалтгаанаар шийдвэр гарахгүй байгааг бид мэдэхгүй" хэмээн хариуожээ. Зургадугаар сард болсон давж заалдах хурал бүтэн хоёр өдөр үргэлжилсэн ч шийдвэр гараагүй билээ. Шийдвэрийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 12-нд гаргахаа мэдэгдсэн ч бас л тодорхой мэдээлэл одоогоор алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Английн "Хитроу" нисэх онгоцны буудлаас баривчилснаас хойш арван сар өнгөрч байна. Энэ хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг хэдэнтээ тавьсан ч Английн тал зөвшөөрөлгүй байсаар өнөөг хүртэл Лондонгийн шоронд түүнийг хорьсоор байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш