Даланзадгадаас зүүн тийш 100 километрт, Цогтцэций сумын төвөөс баруун урагш Улаан нуурын хөндийд Ухаа худаг, Цанхийн зүүн баруун бор толгой гэсэн жижигхэн таван толгой байдаг. Тавантолгойн нэрний түүх энэ. Харин энэ жижигхэн таван толгойн дор байгалийн асар их баялаг бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК тэнд долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 68 мянган га талбайд олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй. Үүний нэг хэсэг болох 795 сая тоннын нөөцтэй Зүүн цанхийн ордод ийн Хятадын “Чалко” компанитай гэрээ хийн, олборлолт явуулж эхэлсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ “Чалко”-д тонн бүрийг нь 70 ам.доллараар худалдах гэрээ байгуулснаар тухайн үед “Чалко”-оос манай Засгийн газрын дансанд 250 сая ам.долларыг урьдчилгаа болгон байршуулсан байв. Энэ зээлээр авсан урьдчилгаа төлбөрийг уурхайн олборлолтын ажлыг өргөтгөх, дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэх, цахилгаан станц болоод нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэхэд зарцуулах учиртай байж. Харин С.Батболдын Засгийн газар дээрх 250 сая ам.долларын дөрөвний гурвыг Хүний хөгжил санд хийж, “21 мянга”-ыг олгосон байна. Дахин 100 сая ам.доллар урьдчилгаа болгон авснаар өдгөө төгрөгт шилжүүлбэл 460 гаруй тэрбумыг “Чалко”-оос авчихаад байгаа аж. Ойролцоогоор 300 тэрбумыг нь Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд олгожээ.
Асуудлын гол нь, С.Батболдын Засгийн газрын үед байгуулсан дээрх гэрээний үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тонн нь 90 орчим ам.долларт эргэлдэж байв. Гэтэл Тавантолгойн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар “Эхний нэг сая тонныг нийлүүлж дуустал тогтвортой байх”-аар гэрээлжээ. Нэг сая тонныг 2011 онд багтаан ачуулж дуусчээ. Энэ он гарснаас хойш дэлхийн зах зээлийн ханш буюу “Чалко”-ийн үнээр нийлүүлж эхэлсэн аж. 2012 оны есдүгээр сарын 17-ны байдлаар тонн нүүрсийг 66-68 ам.доллараар “Чалко”-д өгч байсан бол өнөөдөр 56 ам.доллар болтлоо буураад байна. Ирэх сард энэ үнэ улам доошлох гээд байгаа нь “Эрдэнэс МГЛ”-ийг улам ашиггүй ажиллахад хүргэж байна.
Гэрээ ёсоор таван жилийн турш Тавантолгойн нүүрсийг “Чалко”-д өгнө. Гэтэл үнэ, ханш нь ингэж буурснаар С.Батболдын Засгийн газрын гэрээлснээс хамаагүй их нүүрсийг, гэрээнд зааснаас илүү хугацаагаар Хятад руу ачих болж байгаа юм. Үүнээс үүдэн өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК нэлээд хүнд байдалд ороод байгаа гэнэ. “Чалко”-оос авсан зээлийг нь С.Батболдын Засгийн газар зориулалтын бусаар зарцуулчихсан. Энэ нь нэг ёсондоо тус компанийн алдагдал болж үлдсэн. Мөн дотоодын банкуудаас авсан 130 гаруй сая ам.долларын зээлийн өр нэхэгдсээр байгаа ажээ.
Түүнчлэн гэрээний хугацаанд олборлосон нүүрсний 70 хувийг Хятадын компани, 30 хувийг Япон, Өмнөд Солонгосын компаниудад худалдах бөгөөд энэ ажлыг “Чалко” гүйцэтгэхээр тохиролцсон тухай Б.Энэбиш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа мэдэгдэж байсан. Гэвч саяхнаас 70 бус 80 хувийг нь таван жилийн турш зөвхөн “Чалко”-д, хүссэн үнээр нь нийлүүлэхээр тохиролцсон нь ил болов.
Энэ тохироогоор бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тооцоолж буй 2012 онд олборлох 3.5 сая тонн, 2013 оны 6-7, 2013 оны 10, 2014 оны 20 сая тонн нүүрсний 80 хувийг Хятад, үлдсэнийг нь “Чалко”-ийн хяналт дор Япон, БНСУ-д худалдана гэсэн үг. Баримтаас үзэхүл, “Эрдэнэс тавантолгой”-н “Чалко”-той байгуулсан гэрээг МАН-ын сонгуульд зориулсан “тусгай ажиллагаа” байж хэмээн хардах үндэслэл харагдаж буй.
Баримт 1. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Энэбиш хэлэхдээ “Хятадын Чалко компанитай гэрээ байгуулсан нь учиртай. Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүл гэсэн үүргийг дээрээс өгсөн. Гэтэл тэр их хэмжээний мөнгийг урьдчилан өгөх компани үнэндээ байгаагүй. Янз бүрийн гэрээ хэлцэл хийгдсэн. Эцэст нь Хятадын төрийн өмчийн компанитай гэрээ хийхээр тохиролцсон” /Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан. 2012.09.17/
Тайлбар: Б.Энэбиш захирлын хэлснээр дээрх гэрээг ном журмын дагуу бус тухайн үеийн “дээрээс” өгсөн даалгаврын дагуу богино хугацаанд, зөвхөн урьдчилгаа өгсөн Хятадын компанитай хийхэд хүрсэн ажээ.
Баримт 2. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Хятадын Чалко компанитай урт хугацаанд тогтвортой үнээр нүүрс нийлүүлэх гэрээ хийн урьдчилгаа төлбөр авсан юм байна” “ /Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан. 2012.09.17/
Тайлбар: Эрхэм гишүүд, мөн энгийн иргэд ч дэлхийн зах зээлийн ханшны хамааралгүйгээр гэрээний хугацаанд нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.долларын үнээр Хятадын Чалко компанид нийлүүлэхээр тохиролцсон гэх ойлголттой байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар ч ингэж мэдэгдэж байлаа. Эндээс үзвэл, хэрэв нэг сая тонн нүүрсийг л ийм үнээр авахаар гэрээлсэн гэвэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулах байсан тул С.Батболдын Засгийн газар ийм арга хэрэглэсэн бололтой.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга энэ гэрээг “Тавантолгойг эргэлтэд оруулах олон түмний хүсэлд олигархиудын өгсөн хоёр дахь нокаут бол Эрдэнэс Тавантолгойг өрөнд бариулж, өтөнд идүүлж байгаа явдал” хэмээн тодорхойлж байв. Тэрээр “С.Батболдын Засгийн газар “Тонн нүүрсийг 70 ам.доллараар өгнө” гээд Хятадын Чалко компаниас “Эрдэнэс Тавантолгой”-н нэр дээр 250 сая ам.доллар зээлээд хишиг болгон тараачихсан. Өнөөдүүл нь бирж дээр гарах нь байтугай жолооч нарынхаа хөлсийг өгч чадахгүй янцаглаж байна. Ард түмний өмчид менежмент хийж, ашиг хүртээх ёстой Засгийн газар нь Тавантолгойг биш, ойрын өрсөлдөгчийг нь л уухайлан дэмжинэ. Өөрийнхөө “бөх”-ийг болохоор огт дэмжихгүй, бүр өрөнд унагаж, үнэгүйдүүлэхээр идэвхийлээд байгаа ийм л дүр зураг өнгөрсөн жилүүдэд харагдлаа. Энэ байдлаараа үргэлжилбэл, жил хүрэхгүй хугацааны дараа “Эрдэнэс тавантолгой” ХК “Чалко”-д тавьсан өрөндөө унаж, барьцаанд орох, Хятадын компанийн өмчлөлд шилжих нь тодорхой” хэмээн хэдхэн сарын өмнө бичиж байв.
МАН өнгөрсөн сонгуульд зарцуулсан мөнгөө “Чалко”-ийн гэрээнээс босгосон байх гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд асан С.Батболдын ойрын залуус уг гэрээг батлагдахаас өмнө, батлагдсаны дараа нь өмнөд хөрш, Хонконгоор нэг эргэлддэг байсан гэдэг.
Ер нь МАН-ынхны логикоор авч үзвэл, Ерөнхий сайд асан С.Батболд, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нар Зүүн цанхийг зүгээр ч нэг тавиад туучихаагүй нь тодорхой. “Монголд ашиггүй ч маньдаа хэрэгтэй” гэсэн философитой МАН-ын заншил бас л давтагдсан бололтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хятадын “Чалко”-той хийсэн гэрээний улмаас улс л лав хэдийнэ ашиг бус алдагдал хүлээгээд эхэлчихэж. Мөн Тавантолгойн баялгаас 10 хувь эзэмшдэг монголчууд хувь, хишгээ хэзээ хүртэж эхлэх нь бүрхэг үлдэв.
Б.ГАРЬД