УИХ-аас батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, ажлын байр бий болгох зорилгоор анх удаа Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулахаар харилцан тохиролцож санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын банкны холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа II төсөл, Германы хамтын ажиллагааны олон улсын байгууллагын төлөөлөл Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм. Манай улсад 2011 оны байдлаар 73.8 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 40.9 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд заасан тодорхойлолтын дагуу 35,789 буюу 98.1 хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамрагдаж байна. Ажиллагсдын тоогоор нь ангилж үзвэл, 1-9 хүртэл ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэр нийт аж ахуйн нэгжийн 85.1 хувь байгаа нь бичил бизнес дийлэнх хувийг нь эзэлж байгаа гэсэн үг юм. Монгол Улсын хувийн хэвшлийн дийлэнх хувийг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд олон бэрхшээл, хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаагаас шийдвэрлэхэд хамгийн хүндрэлтэй нь санхүүжилтийн асуудал бөгөөд судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 70 орчим хувь нь байнга санхүүгийн хүндрэлтэй тулгардаг байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан гаргаж буй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаа тул үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалан банкны эрсдлийн шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй, төрөөс үзүүлж буй дэмжлэгт бүрэн хамрагдах боломжгүй байгаа юм. Гадаад орнуудын туршлагаас үзэхэд, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрийн зээл авах боломжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн хамгаалалтыг нэмэлт баталгаагаар хангах зорилгоор зээлийн батлан даалт, баталгааны механизмуудыг нэвтрүүлж хэрэгжүүлж ирсэн байдаг. Иймд жижиг, дунд үйлдвэрүүд өндөр хөгжсөн болон хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын жишгийг даган хуулиар олгосон тусгай статус бүхий Зээлийн батлан даалтын сан байгуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээг харьцангуй хямд үнээр олгох бүтэц бий болгох нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх чухал арга зам болж байна. Тиймээс “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн төслийг боловсруулж, өнгөрөгч оны зургадугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж, энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн 8 бүлэг 18 зүйлтэйгээр батлуулсан юм. Засгийн газраас Зээлийн батлан даалтын санд нэг удаа 5.0 тэрбум төгрөг, сонирхогч донор байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаас 1.5 тэрбум төгрөг гаргаснаар 7.0 орчим тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагааг эхлүүлэх тооцоотой байгаа нь алсдаа дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр 100.0 орчим тэрбум төгрөгийн зээлийн батлан даалтыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаргаж үйлчлэх хүчин чадалтай байгууллага бий болох юм. Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн эх үүсвэрт 39.1 тэрбум төгрөгийг тусгуулан батлуулсан юм.
Н.Гантуяа
Н.Гантуяа