logo
Н.Энхболд: Амласан нэг сая төгрөгөө гүйцээж өгөх ёстой

Н.Энхболд: Амласан нэг сая төгрөгөө гүйцээж өгөх ёстой

2012/10/30
УИХ дахь ардын намын гишүүд ээлжит хуралдаанаараа ирэх оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Энэ талаарх мэдээллийг бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд дуулгасан юм.

-Энэ өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлыг тодруулна уу?

-Бид өмнө нь Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбумыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдээлж байсан. Харин энэ удаа Засгийн газраас санаачилсан “Засгийн газрын хөрөнгө оруулалтын тав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулах эрх өгөх нь хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээн үзэж байна. Тиймээс уг мөнгөний задаргааг төсөвт тусгах шаардлагыг Засгийн газарт үргэлжлүүлэн тавихаар болсон. Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи сайдын алба давхар хашдаг. Тиймээс энэхүү давуу байдлаа ашиглан зарим аймагт хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөжээ. Харин зарим аймагт нь урьд төлөвлөж эхлүүлсэн ажлуудын хөрөнгө оруулалтыг зогсоох зэргээр харилцан адилгүй тусгаад байгаа нь шударга бус хуваарилалт болсон гэж үзсэн. Тиймээс энэ бүхнийг манай бүлгийн зүгээс Засгийн газарт уламжлан алдаагаа засахыг шаардах болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч баасан гаригт танай намыг УИХ дахь бүлэг байгуулах эрхийг тань нээж өгөхөөр хуулийн төсөл өргөн барьсан. Эл асуудлыг та бүхэн хэлэлцсэн үү?
-Бид энэхүү хуулийн төслийг хэлэлцээд “Нэгдсэн төсвийн тухай хуультай хамт хэлэлцэж, МАН-ын бүлгийг албажуулах асуудлыг нэг мөр шийдэх ёстой” гэсэн байр сууринд хүрлээ. Ингэхгүй бол бүлэг ажлаа хэвийн явуулахад тодорхой саад учирч, МАН-д саналаа өгсөн иргэдийн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барих Үндсэн хуулийн эрх хэрэгжихгүй байна хэмээн үзэж байгаа. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулан дөрвөн нам болон бие даагчдын төлөөллийг оролцуулж, нэгдсэн төсөвтэй хамт хэлэлцээд явахад маргалдах зүйл гарахгүй байх.

-Ирэх оны нэгдсэн төсвийн төсөлд цалин, тэтгэвэр нэмэх тухай заалт тусгаагүйд МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Ер нь энэ асуудлыг энэ жилийн төсөв дээр ч биш. Цаашдаа байнга тавьж ирнэ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байснаас буурч байсан түүх байхгүй гэж хэлж болно. Тиймээс энэ удаа ч дараагийн төсөв дээр ч энэхүү зарчмаа л барина. Гэхдээ улс орны санхүүгийн байдлаас хэтэрсэн зүйл бид шаардахгүй байгаа. Үүнээс гадна намуудын ард түмэндээ амласан нэг сая төгрөгийг гүйцээж өгөх ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа 1.5 сая төгрөгийн асуудлыг ч хөндөж тавина.

Төр амласан бол бодлогоо гүйцээх ёстой. Мөн банкны бодлогын хүү болон зээлийн хүү бууруулах бодлогыг бид дэмжинэ. Гэхдээ таван тэрбум ам.долларын бонд гаргана гэдэг маш нарийн бодож хийх ёстой зүйл. Бид 70 жилийн турш тавьсан их өрнөөсөө арай гэж салсан. Одоо бол богино хугацаанд бараг 1-2 жилийн дотор үүний 50 хувьтай тэнцэх бонд гаргах асуудлыг Засгийн газар оруулж ирчихээд байгаа нь юу билээ. Манай бондыг гаднынхан дуртай худалдаж авна. Тодорхой санал ч ирнэ гэсэн. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн зах зээлд шингээх вэ гэдгээ тооцоолох ёстой. Үүнийгээ богино хугацаанд ашиглаад их юм хийсэн болж харагдахын тулд зарцуулна гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй.

Засгийн газар энэ мөнгийг авто зам зэрэг урт хугацаанд үр ашгаа өгдөг бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Улс орныг дунд болоод урт хугацаанд өрийн дарамтад оруулж болзошгүй учраас зарцуулалтынхаа талаар судалгаатай, нарийн үндэслэл тооцоотой төсөл оруулж ирмээр байгаа юм. Тэгэхгүй бол Үндэсний аюулгүй байдалд ч ноцтой сөрөг нөлөө үзүүлж мэднэ.

О.Сэлэнгэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш