logo
Их өрийн эхлэл үү, эсвэл…

Их өрийн эхлэл үү, эсвэл…

2012/10/30
Ирэх оны төсвийг хэлэлцэж, батлах их ажил ид дундаа явагдаж байна. Цэнхэр булангийнхан түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгийн суудалд тухалж, 16 жилийн дараа татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн их буяныг зүй ёсоор зарцуулах эрхтэй болж байгаа юм.

Гэвч энэ удаагийн төсөв нэлээд хэл аманд өртөж, тооцоо үндэслэл муутай гэсэн шүүмжлэлийг дагуулах болов. Энэ бүхнээс хэрүүлийн байд хамгийн их оногдсон нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд анх удаа бонд гаргахаар кнопдсон явдал байлаа. Үнэхээр ч манай улсын тухайд, ардын хувьсгалаас хойшхи 70 гаруй жилийн хугацаанд 11.7 тэрбум ам.долларын зээл авсан байдаг аж. Үүний 42.7 хувь буюу 1990- ээд оноос хойш 20 жилийн хугацаанд авсан улсын нийт гадаад зээл болох 8,2 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний өр юм.

Үүнийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүд хөндөж байсан. Зүй нь энэ их зээлийг юунд зарцуулж, яаж нөхөх, хэрхэн эргэн төлөх талаар огт тооцоо судалгаа үндэслэлгүйгээр авч байгаа нь Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйд өрийн асар их дарамтад оруулах эрсдэлтэй алхам хэмээн үзэж буй.

Гэвч АН-ынхан “бяцхан” олонхиороо түрүү барин асуудлыг аль хэзээний батлуулж дөнгөлөө. Харин одоо энэ бүхэнд сөрөг хүчний хяналт, иргэдийн анхаарал ус, агаар шиг хэрэгтэй болж байна. Ямартай ч ирэх жилүүдэд гүйцэтгэх засаглалынхан таван тэрбум ам.долларын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээлд арилжаалах эрхтэй боллоо. Гэхдээ эхний ээлинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар зэхэж буй. Энэхүү тогтоол батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Тэгэхээр аль хэдийнэ өр үү, эсвэл эдийн засгийн хөшүүрэг болох уу гэсэн тоолуурын заалт ажиллаад эхэлсэн гэсэн үг. Зүй нь дэлхийн бусад улс орнууд эдийн засгийн тэнхээгээ мэдэхгүй, цагаан захтнуудынхаа балгаар бондоос болж, их өрийн дарамтад унасан жишээ цөөнгүй бий. Үнэхээр ч бонд гэгчээр буруу тогловол дааж давшгүй өрийн сүлжээ үүсдэг нь зах зээлийн хууль. Харин зөв зүйлд зарцуулбал, өрийн сүлжээ бус хөгжлийн бас нэгэн хөшүүрэг болох нигуртай.

Манай Засгийн газрын хувьд, бонд гаргаж “тоглоход” бэлэн үү гэж… Учир нь өдгөөгийн таван тэрбум ам.долларын бонд нь ирэх оны төсөвтэйгөө тэнцэхүйц хэмжээний хөрөнгө юм. Цаашлаад санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй эл үед гүйцэтгэх засаглалынхан их хэмжээний үнэт цаас гаргах нь эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг салбарынхан халаглаж сууна.

Зүй нь эцсийн үр дүнгийн гол ачааг ард иргэд үүрэх бичигдээгүй хуультай ч, энэхүү их хөрөнгийг салбар бүрт зарцуулахаар төлөвлөсөн нь хэдэн тийш байдгаа цацаад дуусах дүр зураг харагдаж байна. Ийн хэлэхэд ч учир байнаа байна. Ядаж л ирэх оны төсвийн нэг онцлог нь гадаад эдийн засаг, санхүүгийн таагүй орчин байж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг хариуцлагатай албаныхан ч тодруулах болов.

Тухайлбал, үндэсний аюулгүй байдлын асуудлаар манайдаа л толгой цохидог М.Батчимэг гишүүн урд хөршийн эдийн засаг ихээхэн түгшүүртэй болж байгааг сануулсаар байгаа билээ. Мөн энэхүү хүрээнд бичиг цаастай ноцолддог эрдэмтэн мэргэд ч нэгийг хэлсээр буй юм. Гэвч ирэх оны төсвийг тэрлэхдээ нэг тонн зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8152 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ нүүрсний нэр төрлөөс хамааран 83.2- 161.2 ам.доллар байна гэж төсөөлжээ.

Энэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, орчноос хамаарч алт, зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээ таамагласан түвшнээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нөлөөлөх нь зүйн хэрэг. Гэсэн ч цагаан захтнууд төсвийн төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болгох томоохон эрсдлийг бий болгожээ. Ядаж л зарим уул уурхайн компаниуд төлөвлөсөн хэмжээнд олборлолт хийхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх боломжгүй болно.

Судлаачдын үзэж буйгаар 2013 оны хувьд, зэсийн томоохон уурхайнууд ашиглалтад орж, хуучин уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлснээр дэлхийн зэсийн нийлүүлэлт нэмэгдэж нийт эрэлтээсээ 350 мянган тонноор давах төлөвтэй байгааг онцолж байна. Нэг үгээр хэлбэл, эрэлтээс давсан нийлүүлэлт болон дэлхийн эдийн засагт үүсээд буй тогтворгүй байдал ирэх онд буурвал Тогтворжуулалтын сан болон төсвийн орлогын бүрдүүлэлтэд томоохон эрсдэл үүсч болзошгүй.

Учир нь төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож, улмаар Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Зэсийн зах зээлийн үнэ 6328.9 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх боломжгүй болно.

Харин зэсийн үнэ 6328.9 ам.доллараас доош буурвал Хүний хөгжлийн сан, Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд зэсээс төвлөрөх орлогын хэмжээ буурахаар байна. Дээр нь бонд гэгчийнхээ үр ашгийг тооцож оруулж ирээгүй, хяналтыг яаж тавих вэ гэдэг тодорхойгүй байгаа нь хэн нэгэн урт гартанд луйвар хийх боломж олгож болзошгүйг учир мэдэх нэгэн нь тодотгож буй юм.

О.Мөрөн

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш