logo
Эсэргүүцлээ илэрхийлж, сатууркан утсаар амаа оёжээ

Эсэргүүцлээ илэрхийлж, сатууркан утсаар амаа оёжээ

2011/05/05
Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчлагдаж, тамлагдсан хоёр залуу Их Британид ирж, орох оромж хүсэн тэмцжээ. Британийн засгийн газар тэдний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаны дараа залуучууд сатуркаар амаа оёж эсэргүүцжээ.  Кевиан Бахари, Махьяр Меяари нар шийдвэр гаргагчдад дуу холойгоо хүргэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрийг сонгожээ. Их Британийн засгийн газар тэдэнд орох оромж гаргаж өгөхөөс татгалзсаны дараа тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байна. Тэд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж загас барьдаг сатуркаар амаа битүү оёжээ.  Кевиан, Махья хоёр өөр дөрвөн Иран залуугийн хамт өлсгөлөн зарлаад 20 хонож байна. 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр Кевиан, Махья хоёр баривчлагдаж, шийтгэгджээ. “Бид шударга ёсны төлөө л жагсаж байсан. Бидний сонгуульд өгсөн санал яг хаашаа явсныг мэдэхийг хүсч байсан. Эсэргүүцлийн жагсаал өрнөж байх үед жагсагчид ойролцоох банкийг шатаасан. Удалгүй банкны ойролцоо цагдаа нар ирж жагсагчид руу гал нээхийг завдсан. Бид цагдаа нарын бууг булааж аваад тэдний машиныг түлхэж унагасан. Дараа нь нэг жагсагч ирээд цагдаагийн машиныг галдан шатаасан. Энэ үеэр цагдаа нар бидний зургийг дарж амжсан байсан. Биднийг мөрдөж эхэлсэн учраас бид Ираныг орхиж гарсан” гэж Кевиан Бахари ярьсан байна. Кевиан цагдаа нарт зодуулж хүнд гэмтэл авснаа ч ярьсан байна.  Махьяр Меяари бүр ч хүндээр яргалуулжээ. “Тэд миний нүдийг боож, үл таних газар аваачиж байгаад долоо хоногийн турш  намайг хүчирхийлж, зодож занчин, тамлан зовоосон. Миний бие энэ тэндгүй хөх няц болсон байсан. Хоёр дахь удаагаа баривчлагдсаныхаа дараа би оргож чадсан. Хэрэв би Иранд байсан бол аль хэдий нь алагдсан байх байсан байх” гэж Махьяр Меяари ярьсан байна. Гэхдээ тэдний эх орондоо тамлан зовоогдсон гэснийг батлах боломжгүй байгаа юм байна. Их Британид байрлах Ираны Элчин сайдын яам ямар нэг хариу өгөхөөс татгалзсан.  Их Британийн засгийн газраас тэднийг иргэний эрхийн дагуу шүүхэд хандаж болохыг мэдэгдсэн. Махьяр Меяари хуулийн дагуу холбогдох байгууллагад хандаж байгаа бол Кевиан Бахари хууль журмын дагуу тавхайгаа эргэтэл явж үзээд, эцэст  цөхрөнгөө барж, Иран луугаа буцаад ачигдахаа хүлээж байгаа юм байна. “Их Британийн засгийн газарт хандаж хэлэхэд одоо боллоо! Гүйцээ! Би Иран луу буцаж яавахад бэлэн байна. Та нар эрүүдэж, тамлан зовоогдох ямар аймаар байдгийг мэдэхгүй. Намайг буцаад очиход юу хүлээж байгааг би сайн мэдэж байгаа” гэж Кевиан Бахари  хэлсэн байна. Харин Махьяр Меяари “Амьдрахад хамгийн сайхан газар бол мэдээж төрсөн эх орон. Гэхдээ надад одоо очих газар байхгүй болоод байна. Намайг сонсож байгаа хүмүүс байвал туслаач. Бид амьдармаар байна” гэсэн байна. Кевиан,  Махьяр хоёр  амаа сатууркаар оёсноор тэдний дуу хоолой илүү олон хүнд хүрнэ гэж найдаж байгаа юм байна.
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш