Польшид 5601 гитарчин нэг дор цуглаж дэлхийн рекорд тогтоохыг оролджээ. Гэсэн ч рекорд тогтооход 700 гаруй гитарчин дутаж, энэ жил тэд рекорд тогтоож чадаагүй байна.
Польш улсад гитарын хорхойтнууд цуглаж, олон мянган хүн нэг дор зэрэг гитар тоглон, дэлхийн шинэ рекорд тогтоохыг оролджээ. Гитар хөгжмийн фестиваль Польшийн Родслав хотод жилд нэг удаа болж, жил болгон олон зуун гитарчид цуглан Алдарт хөгжимчин Жимми Хендрикст зориулж гитар тоглон дэлхийн рекорд тогтоохыг оролддог байна. Родславын төв талбай Гитарын ансамбль болон хувирсан байна. “Миний хувьд гитар бол маш чухал зүйл. Би бараг 9 жил тоглож байна. Би чөлөөт цагаараа байнга гитар тоглодог. Дэлхийн рекорд тогтоох энэ гитарчдын цугларалтанд би гурав дахь удаагаа оролцож байна. Би гурван гитарчин найзыгаа урьж авчирсан” гэж гитарын хорхойтон ярьжээ. “Алдарт хөгжимчин Жимми Хендриксийг дурсаж, түүнд зориулж гитар тоглож байгаагаараа энэ фестиваль онцлогтой. 6-7 мянган хүн нэг зэрэг гитар тоглоно гэдэг бол гайхамшиг. Хөгжмийн урлагт дуртай, гитар тоглох дуртай хүмүүс сонирхлоороо нэгдэж байна. Надад сайхан байна” гэж өөр нэг оролцогч ярьсан байна. Энэ удаад 5,601 гитарчин фестивальд оролцож, дэлхийн рекорд тогтооход 700 гаруй гитарчнаар дутжээ. Гэхдээ гитар сонирхогчид рок хөгжмийн гайхамшгийг бусдад мэдрүүлж, өөрсдөө ч түүнээсээ таашаал авсан байна.
Н.ЭДДИ