logo
Э.Эрдэнэжамъяан: Д.Наранбаатар орж ирээд “Та гэрчийн мэдүүлэг өгөх эрх, үүрэгтэй танилц” гэсэн

Э.Эрдэнэжамъяан: Д.Наранбаатар орж ирээд “Та гэрчийн мэдүүлэг өгөх эрх, үүрэгтэй танилц” гэсэн

2012/10/30
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанаас АТГ-ынхан мэдүүлэг авах гэж оролджээ. Хууль зүйн дэд сайд өчигдөр 14.00 цагт тус яамны цогцолбор барилгын асуудлаар ажлын хэсгийн хуралдаантай байсан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Наранбаатар ажил хэргийн уулзалт байна гэж хэлсэн учраас уулзсан гэнэ.

Гэтэл Д.Наранбаатар нь “Гэрчийн мэдүүлэг авна, мэдүүлэг өгөх эрх үүрэгтэйгээ танилц” гэжээ. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанаас тодрууллаа.

-Ямар асуудал үүссэн юм бэ. Таниас зөвшөөрөл авахгүйгээр хүчээр гэрчийн мэдүүлэг авах гэсэн гэж сонслоо?
-АТГ-аас зарим асуудлаар тодруулга авна гэсэн байсан. Японоос нэг бичиг ирсэн ирээгүй, аваагүй гэсэн маргаан одоо хүртэл тасрахгүй яваад байгаа шүү дээ. Энэ асуудлаар авах гэсэн байх. Хоёр улсын харилцаа учраас Хууль зүйн яам эрхзүйн харилцан туслалцах гэрээг хариуцдаг. ГХЯ-наас энэ асуудлаар мэдээлэл өгөхгүй байгаа учраас холбогдох хүмүүстэй нь уулзаж, тодруулга авна гэж ярьж байсан юм.

Би өнөөдөр /өчигдөр/ 14.00 цагт Хууль зүйн яамны цогцолбор барилгын ажлын хэсгийнхэнтэй байсан. Энэ ажлын хэсэгт шүүх, прокурор гээд бүх харьяа байгууллага багтаж байгаа юм. Гэтэл энэ уулзалтын өмнө АТГ-аас Д.Наранбаатар гэж хүн уулзахаар ирсэн байна гэхээр нь мөрдөн байцаах, шүүхийн ажлын хэсгийн хүн түрүүлээд ирчихэж гэж ойлгоод уулзъя гэсэн. Гэтэл орж ирээд “Та гэрчийн мэдүүлэг өгөх эрх, үүрэгтэй танилц” гээд эхэлсэн. Юу гэрчлэх учиртай болсоноо ч ойлгоогүй байсан. Тэр үед О.Баасанхүү гишүүн орж ирж таарсан.

Уг нь Хууль зүйн дэд сайд, албан тушаалтан иргэн ч байсан тухай хүнээс гэрчийн болон мэдүүлэг авах гэж байгаа бол урьдчилан мэдэгдсэн байх ёстой байдаг юм. Гэтэл албан бичиг болон утсаар ч юм уу өмнө нь мэдэгдээгүй байж, шууд ажил хэрэг ярья гэж орж ирээд л мэдүүлэг авна гэдэг байж болохгүй зүйл гэж бодож байна.

-Хууль зүйн яамны байр гэдэг чинь өөрөө тусгай хамгаалалттай бүс биз дээ?

-Яагаад АТГ-ын ажилтан Хууль зүйн дэд сайдын өрөөнд орж ирээд ийм үйлдэл гаргасныг гайхаад л байна. Надад асуудал байхгүй. Маш олон асуудал улс төрийн зорилготой байна. Хуулийн байгууллагууд улс төржөөд байна гэж ярьдаг. Цаашдаа ч хэлнэ. Ер нь тэд намын үйл ажиллагааны төлөө ажиллаад байгаа гэж хардаж байна. Японоос ирсэн бичиг үнэн байсан уу гэдгийг бид ярьж байхад заавал тэгж орж ирээд яаралтай юм шиг аашилж байгаа юм. Хийж байгаа зүйл нь улс төрийн үйл явдалтай давхцаж байна. Ингэж хэлж байгаагаа буруу гэж бодохгүй. Би төрийн биш улс төрийн албан хаагчийн статустай учраас улс төрийн байр суурийг байнга илэрхийлж байх ёстой.

Японы Элчин сайдын яамнаас манай улсын ГХЯ-д дөрвөн удаа хандсан байна. Амаар болон бичгээр асуух, шаардах хэлбэрээр тус улсын газар нутагт ямар нэгэн гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан уу хэмээн тодруулга авахыг хүссэн. Гэвч манай улсын талаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ГХЯ-ны төлөөллийг дуудаад уг бичигт нь хариу өгөхийг хэлсэн. Гэтэл АТГ-аас энэ асуултад ямар ч хариулт өгөхгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийднэ гэж байгаа юм байна гэсэн.

-Байцаалт нь ямар агуулгатай байсан юм бэ. Эсвэл гэрчийн мэдүүлэг авах гэсэн юм уу?

-Н.Энхбаяр даргатай холбоотой янз янзын асуудлаар асуух гээд дөнгөж эхэлж байхад нь О.Баасанхүү гишүүн ороод ирсэн. Би ямар асуудлаар байцаалт, гэрчийн мэдүүлэг авах гэснийг нь мэдэхгүй байна. “Ийм байж болохгүй. Хууль зүйн сайд бол энэ хүний дарга биш. Чи гарч бай. Би эхлээд өөрийнхөө ажлыг хий” гэтэл “Үгүй” гээд байсан. Энэ үед миний өрөөнд орж ирсэн О.Баасанхүү гишүүнийг “Мөрдөн байцаах ажиллагаанд саад хийлээ гэж үзнэ шүү” гэсэн. Ийм л асуудал болсон.

-Хууль зүйн сайд нь зөвшөөрсөн гэсэн юм уу?

-АТГ-ын Тамгын газрын дарга Д.Наранбаатар тэгж хэлсэн. Хууль зүйн сайдаас зөвшөөрөл авсан бол хэлмээр юм. Гэтэл нэг зорилготой нэг сайдын хувьд ингэхгүй байх гэж бодож байна. Ямар нэг байдлаар гэрчийн мэдүүлэг авна гэж хэлээгүй. Ажлын шугамаар уулзах гэсэн юм гэж хэлсэн. Энэ дандаа ингэж хууль зөрчдөг байхгүй юу. Н.Энхбаярыг хоригдож байгаа өрөөнд нь байцаалт хийж байсан. Одоо дэд сайдын өрөөнд байцаалт хийж байна. Дэндүү дураараа аашилж байна. Хэрвээ сайд тэгж хэлсэн бол надад хэлмээр юм. Энэ бол улс төрийн соёлын хувьд ч зохихгүй гэж бодож байна.

-Японы талаас албан бичиг авна гэдэг нь эргээд Н.Энхбаяр даргатай холбогдох гээд байна. Таны хувьд сонирхлын зөрчил харагдаад байгаа юм биш үү?

-Манай намын дарга хэвээрээ байгаа. Хэлмэгдэж байгаа. Тэрнийг бид байнга хэлдэг. Намын дарга, бүхэл бүтэн нэг улсын Ерөнхийлөгч байсан хүн хэлмэгдэж байхад хууль зүйн асуудлаар явж байгаа хүмүүс ярихгүй бол зүгээр хэлмэгдүүлээд орхиж болохгүй. Манай намын гишүүд, сонгогчид биднийг юу гэж хэлэх билээ. Сайд болчихоод дуугүй болчихлоо гэж хэлнэ биз дээ. Бид улс төрийн албан хаагчид мөн.

-Та нэг улсын Хууль зүйн дэд сайд юм уу. Эсвэл Н.Энхбаярын төлөө ажиллаж байгаа хүн үү?
-Гүйцэтгэх товчооны гишүүн. Хууль зүйн дэд сайд аль аль нь шүү дээ. Би намынхаа ажлыг хийдэг. Яагаад гэвэл хориглоогүй. Х.Тэмүүжин сайд ч ажлаа хийдэг. Н.Алтанхуяг сайд ч намынхаа ажлыг хийдэг. Хэн нэг нь Ардын намынхан ч гэсэн хаалга үүд таглаад намынхаа эрх ашгийн төлөө жагссан биз дээ. Яг үүнтэй адилхан. Ямар ч ялгаа байхгүй. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж хаячихаад тэрнийгээ нэг хүний эрх ашиг гэж хэлээд байж болохгүй биз дээ. Надад олон өргөдөл ирдэг. Тэрнийг тус тусад нь салгавал нэг хүний асуудал. Н.Энхбаяр даргын асуудал ч үүнтэй адилхан. Хамгийн том хохирч байгаа хүн бол Н.Энхбаяр дарга.

-АТГ-аас хуулийн зүйл заалтыг зөрчин байцаалт авсан гэсэн. Хуулийн хариуцлага яригдах уу?

-Яриагаа ч дуусгаж амжсангүй. Нэг ч удаа дуудаагүй. Шууд өрөөнд нь ороод дарамталсан гэж үзэж байгаа. Дэд сайдыг байцаах гэж байгаа бол энэ талаараа урьдчилж мэдэгдээд, хууль шүүхийн байгууллагын журмаа баримтлах ёстой. Хэрвээ мэдэгдсэн бол би иргэний үүргээ биелүүлээд байцаалт өгнө. Ямар арга хэмжээ авах эсэхээ одоогоор шийдвэрлээгүй байна. Хоёулаа л загнуулаад гарсан. Гэрчийн мэдүүлэг гүйцээж өгөөгүй.

Б.Тогтох
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш