logo
Шадар сайд Д.Тэрбишдагва  өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар аймгийн удирдлагуудтай  видео хурал хийлээ

Шадар сайд Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар аймгийн удирдлагуудтай видео хурал хийлээ

2012/10/31
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил нь зөвхөн өвс, тэжээл бэлтгэснээр хязгаарлагдахгүй малчдын эрүүл мэнд, хоол хүнс, дулаан хувцас, түлээ түлшний нөөцлөлт, тэдний хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва  хүйтний улирлын прогноз гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ болоод өвөлжилт хүндэрч болзошгүй арван аймгийн  Засаг дарга, онцгой комиссын гишүүдтэй холбогдож тэдний санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг  шийдвэрлэлээ.
Хурлыг нээж Шадар сайд “Өнгөрсөн зун, намар нийт нутгаар бэлчээрийн гарц сайн байсан. Аймгуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр энэ жил улсын хэмжээнд нийт 177 мянган малчин өрхөд 40,7  сая мал өвөлжүүлэх  бэлтгэлийг хангасан байна. Энэ жил өвөлжиж, хаваржих нийт малын хэрэгцээнд өнөөдрийн байдлаар нийт хадлангийн 92,8 хувь буюу  1158,5 мянган тн өвс, 35,6 мянган тн ногоон тэжээл, 38,6 мянган тн гар  тэжээл бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл дунджаар 87,6 хувьтай байна. Малчид өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо урьд жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд улсын тусгай хэрэгцээний зургаан бүс нутагт нийтдээ 1,5 сая малыг отроор өвөлжүүлэх боломжтой байгаа ч одоогийн байдлаар зургаан аймгийн 450,0 гаруй малыг оруулах захиалга, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлсний дагуу харилцан гэрээ, хэлцэлүүд хийгдсэн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
 Ус, цаг уурын хүрээлэнгээс 2012-2013 оны хүйтний улирлын төлөв байдлыг ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно гэж гаргасан.  Тиймээс видео хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулж Баянхонгор аймгаас Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумууд  байнгын эрчим хүчинд холбогдоогүй тул дизель түлш, генератор худалдан авах  хөрөнгийн асуудлыг шийдүүлж өгөхийг Шадар сайд хүсэхэд Засгийн газрын 96 дугаар тогтоолоор дээрхи гурван сумдын дизель түлшний зардалд зориулж 73,358,500 төгрөгийг олгосныг дуулгалаа. Мөн Өмнөговь аймгаас Засгийн газрын тогтоолоор Мандал-Овоо сумын өвс тэжээлийн цэгийг  Сэврэй  суманд шилшүүлж өгөх  хүсэлт тавьсны хариуд  Улсын нөөцийн салбар түүний харъяа Мандал-Овоо, Номгон сум дахь өвс тэжээлийн цэгийн байршил тоо хэмжээг тогтоож баталгаажуулсан тул энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн. Дорноговь аймгаас сум дундын отрын бүсийг таван газарт байрлуулсан ч  усны хомсдолтой байгаа учраас эхний ээлжинд гурван худаг гаргахад шаардагдах 100,0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг хүсэхэд ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал улсын хэмжээнд ирэх жил 1000 худаг гаргах  тул зохион байгуулалтад  ороод хүсэлтээ  манай яаманд тавихад шийдэхэд ямар нэгэн асуудалгүй гэж хариуллаа. Энэ мэтчилэн аймаг бүр шийдвэрлэх асуудлаа тавьсны дараагаар Шадар сайд дүгнэж, орон нутгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүдэд хандан гурван үүрэг чиглэл өгч, 14 хоногийн дотор ажлын албандаа тайлан мэдээ ирүүлэхийг даалгалаа. Үүнд:
1. Аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд заавал бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө татан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх,
2. Энэ жилийн ургацын дүнгээс харахад Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад үр, товарын хэрэгцээнд тэнцэхгүй буудай багагүй хэмжээтэй гарч байгаа тул холбогдох яам, газруудад уламжлан малын тэжээл бэлтгүүлж худалдан авах талаар тодорхой ажил зохион байгуулах,
3. Орон нутагт мал, махны нөөц бүрдүүлэлт харьцангуй удааширалтай явагдаж байгаа тул Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх махны тоо хэмжээг нэмэгдүүлэх, мах ихээр бэлтгэсэн сум, малчдыг үйлдвэрүүдтэй холбож өгөх тал дээр илүү анхаарал тавьж ажиллах шаардлагатайг онцоллоо.
Дашрамд дуулгахад Шинэчлэлийн Засгийн газар байгууулагдсанаас хойшхи богино хугацаанд Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулж, комиссыг хуралдуулан Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудад энэ оны зургаадугаар сараас хойш улсын хэмжээнд гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад зориулж нийт 2 тэрбум 174,0 мянган төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш