logo

"Улс төрчдийн хэн нэгэнд таалагдах гэсэн ярианд бид тайлбар өгөхгүй"

2012/11/01
Авлигатай тэмцэх газарт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян болон "Саусгоби Сэндс", "Моннис", Татварын ерөнхий газар, ШӨХТГ, аймаг, дүүргийн Засаг дарга нар, Сангийн сайд асан Д.Хаянхярваа нарын хэрэг шалгагдаж байна.  Эдгээр хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.

-“Саусгоби Сэндс” компанийн хуулийн зөвлөхийг “Чингис хаан” нисэх буудал дээрээс саатуулсан. Энэ ямар үндэслэлтэй байсан бэ?
-Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Канадын хөрөнгө оруулалттай "Саусгоби Сэндс" компанийг шалгах зайлшгүй шаардлага гарсан. Энэ шалгалттай холбоотойгоор тус компанид ажиллаж байсан зарим гадаадын иргэнийг манай улсаас гарч явахыг нь хориглосон. Тиймээс Австрали улсын иргэн Сара Армстронг гэгч эмэгтэйг Монгол Улсаас гарч явахынх нь өмнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд саатуулсан. Гэхдээ түүнийг нисэхийг нь саатуулж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан болохоос цагдаж хориогүй. Шалгалт үргэлжилж байна.
 
-Сара Армстронгийн хүсэлтийг хүлээж аваагүй гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

-Манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн яллагдагчаар хэн нэгнийг байцаахад өмгөөлөгчийг нь оролцуулахаас өөр зохицуулалт байдаггүй. Энэ нь онцгой ажиллагаа учраас хөндлөнгийн төлөөлөгч, гадаадын хүнийг байлгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэр хүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь хамгаалах үүднээс өмгөөлөгчийг нь байлцуулсан. Тиймээс Консулын газрын төлөөлөгчийг байлгах хүсэлтийг хүлээж аваагүй.

-“Моннис” компанийн захирлыг бас энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юу?  

-Тийм. Саяны ярьсан хэрэгт мөн “Моннис групп”-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарыг холбогдуулан шалгаж байна. Энэ хүнийг саатуулсан, цагдан хорьсон зүйл байхгүй.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд ямар зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?
-АТГ-аас Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах хүсэлтийг хуулийн дагуу Интерполын үндэсний товчоогоор дамжуулж Инперполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн. Харин дэд сайд Э.Эрдэнэжамьян “улс төрийн зорилготой учир эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлахаа зогсоо” гэсэн албан ёсны хүсэлтийг Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад цахим шуудангаар илгээсэн байсан. Энэ захидлаас болоод олон улсын Интерполын байгууллага хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаандаа давхар сануулга тавьсан.

Өөрөөр хэлбэл Хууль зүйн дэд сайдын илгээсэн захидлаас болж Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг эрэн сурвалжлах эсэхээ эргэн харахаар болсон гэсэн үг. Тэгэхээр Хууль зүйн дэд сайдын үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болж болзошгүй байгаа учир зайлшгүй шалгах хэрэгтэй болсон. Ингээд прокурорт танилцуулаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эхний удаа уулзаж, байцаалт мэдүүлэг авах ажиллагаа тасалдсан. Дахиад холбогдож байцаалт мэдүүлгийг авсан. Энэ хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, давхар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Интерполд танай зүгээс дахин хандах уу?
-АТГ эрх, үүргийнхээ дагуу шалгалт, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлнэ. Тиймээс Интерпол руу албан ёсны тайлбар явуулахаар бэлтгэж байна.

-Өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Интерполд МАХН-ын гишүүд захидал илгээнэ гэсэн байр сууриа илэрхийлж байсан?
-Улс төрчдийн хэн нэгэнд таалагдах гэж ярьсан ярианд бид тайлбар өгдөггүй.

-Интерполд захиа илгээх нь хүн бүхэнд нээлттэй байдаг юм уу?
-Интерполын Үндсэн хууль гэж бий. Энэ хуулийн дагуу асуудлыг зохицуулдаг. Интерполд хэн нэгэн хандах гэдэгтээ бус, Монгол төрийн өндөр албан тушаалтан хандсандаа асуудал байгаа юм. Хэрэв үнэхээр хандах болбол Интерполын үндэсний товчоотой, Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай албан ёсоор ханддаг субъект нь Монголын Интерполын үндэсний товчоо. Энэ товчоогоор дамжих ёстой.

-Сангийн сайд асан Д.Хаянхярвааг шалгаж байгаа. Энэ ямар шатандаа явна вэ?
-Түүнийг УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330.000 төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогтоо Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670.000 төгрөг тараасан гэх үндэслэлээр шалгаж  байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна.

- Засаг дарга нарын хэрэг юу болж байна вэ?
- АТГ-т аймаг, дүүргийн хэд хэдэн Засаг дарга шалгагдсан. Засаг дарга нарын хэргийг ерөнхийд нь прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Түүнийг  БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн. Мөн Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгасан.

-ШӨХТГ-ын өмнөх зөвлөлд ажиллаж байсан гишүүдийг шалгуулахаар танайд өгсөн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох шалгалт хийгээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Ингээд тус газрын өмнөх зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий хүмүүст хамтын зарчмаар гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

-Татварын ерөнхий газрын дэд даргыг шалгаж дууссан уу?
-Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяртай холбоотой асуудлыг ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна. Цаашид хамтарсан ажлын хэсгээр шалгах шаардлагагүй гэж үзээд аж ахуйн нэгжийн татвараас зайлсхийсэн асуудлыг УМБГ дангаар шалгах болсон. Харин бусдаас авлига авсан эсэх асуудлыг манайх шалгаж байна.  

Г.Билгүүн
GOGO.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш