logo
Хөдөлгөөнт эргүүлийг татан буулгахаар боллоо

Хөдөлгөөнт эргүүлийг татан буулгахаар боллоо

2012/11/02
Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байна. Өнгөрсөн лхагва гаригт Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Билэгт анги нэгтгэлийн удирдлагуудтай хуралдаж бүтэц, бүрэлдэхүүний талаар зарим шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгахаар болсон байна. Эргүүлийн цагдаа нар өөрийн хянах ёстой газраа манахаас биш хажуугийн болоод өөр дүүрэг, хороонд хэрэг зөрчил гарвал очдоггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, нөгөө талаар хэсгийн байцаагчтайгаа уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна гэж дүгнэжээ.

Тус газрын 1000 гаруй албан хаагчийг дээрх шалтгааны улмаас нийслэлийн есөн дүүрэгт хуваарилах болсон байна. Мөн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийг хүн амынх нь тооноос хамааран 2-3 болгон өргөжүүлэх юм.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр гурав, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Багануур тус бүр хоёр болж өргөжих бол Багахангай, Налайх дүүрэг цагдаагийн нэг хэлтэстэй хэвээр үлдэнэ.

Д.Болор

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш