logo
Дөрвөн улстай байгуулсан давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ хүчингүй боллоо

Дөрвөн улстай байгуулсан давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ хүчингүй боллоо

2012/11/03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа.

Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл гишүүн, зөвхөн энэ дөрвөн улсын тухайд бус, давхар татвартай улс орнуудыг  бүгдийг нь авч үзээд засаж шинэчлэхийг нь шинэчилж, хориг тавих улстай нь яриа хэлэлцээ хийгээд явж болохгүй юу?,  Н.Батцэрэг гишүүн, гадаадын дөрвөн улстай байгуулсан гэрээг хүчингүй болгохтой холбоотойгоор олон улсын зах зээл дээр гарч буй хөдөлгөөнийг Сангийн яам хэр судалж байгаа вэ? гэсэн асуулт тавилаа.

Дээрх асуултуудад Сангийн сайд Ч.Улаан, энэ дөрвөн улсыг онцгойлон авч үзсэн бодлого байхгүй, энэ гэрээн дотор эргэж цуцлах нөхцөл нь өөрөө нэгэнт суучихсан байгаа. Ер нь үлдсэн 26 оронтой байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг шат дараатайгаар эргэж харна гэсэн хариулт өгсөн.

Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ хуулийн төслийг баталснаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй хэрхэн холбогдож болохыг лавлаж байв. Үүнд Ч.Улаан сайд хариулахдаа, давхар татварын гэрээ цуцлагдахад Оюутолгойн хөрөнгө оруулагчид хамрагдана. Ийм хөнгөлөлт, чөлөөлөлт алга болсноор манайд зохих хэмжээний хөрөнгө мөнгө орж ирнэ. Оюутолгойн асуудлаар гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсгүүд байгуулагдаж, хэд хэдэн чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа гэлээ.

Л.Энх-Амгалан гишүүн Р.Амаржаргал гишүүнтэй адил байр суурь илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэх итгэл алдагдаж,  Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэ цэн буурч байгаа үед өмнө хүрсэн амжилтаасаа ухарч, ийм хууль баталснаар эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн анхааруулж байсан.

Ч.Улаан сайд үүний хариуд, шинэчлэлийн Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой. Харилцан ашигтай, ижил тэнцүү нөхцөлийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны үнэ буурч байгаад олон хүчин зүйл, түүний дотор дэлхий нийтийн хямрал, сонгуулийн кампанит ажлаас үүдсэн  дүгнэлт зэрэг шалтгаан нөлөөлж байгаа.

Гэрээг хянаж үзсэнээр анх яригдаж байсан тэр л нөхцөлөө бий болгохыг хүсч байгаа.  Давхар татвараас чөлөөөх гэрээг 30 гаруй улстай байгуулсан. Анх энэ гэрээг байгуулж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн, уул уурхайтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт орох өгөөж алдагдаж байгаа тул эдгээр гэрээг тус тус  хүчингүй болгоод шинэчлэх зорилготой байгаа хэмээн тайлбарлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш