-Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудлыг хүний эрхийн талаас нь их ярьж бичиж байна. Энэ асуудалд Хүний эрхийн комиссын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг тойрсон хэл ам их гарлаа. Н.Энхбаяр урьд нь эрх мэдэлтэй байсан. Харин одоо бол жирийн иргэн болсон. Түүнийг баривчлахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна уу үгүй юу гэдэг асуудал л байгаа юм. Түүнээс биш хэрэг хийсэн нь үнэн үү, үгүй юу гэдэг нь манай байгууллагын асуудал огт биш. Энэ хүнд хүнлэг хандаж уу, хэрцгий харьцсан байна уу гэдэг асуудлаар тодорхой дүн шинжилгээ хийгээд “Баривчлах ажиллагаа чинь хүний эрхийг зөрчиж байна шүү” гэдэг сануулгыг холбогдох байгууллагуудад нь өгчихсөн байгаа. Ер нь монголчууд хааяа хэтрүүлчихдэг. Үүнээсээ болоод алддаг шүү гэдгийг хэлмээр байна.
-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгчгүй болсон. Ингэж болдог юм уу?
-Монголд анх удаа хэргийг өмгөөлөгчгүй шийдсэн. Үүнд Хүний эрхийн үндэсний комисс маш хатуу байр суурьтай байгаа. Өмгөөлөгчгүйгээр хэрэг тасална гэж байхгүй. Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна шүү дээ. Шүүхийн шийдвэр гаргах нь бүү хэл байцаалт ч явуулж болохгүй. Энэ бол цөөн хүмүүсийн хийж байгаа ажил. Түүнээс биш төрийн бодлогоор хийж байгаа ажил огт биш. Хүний эрх гэдэг асуудалд улстөржинө гэж байхгүй.
-Н.Энхбаярын биеийн байдал эрс муудлаа гэж сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Иргэд байгаа газарт нь очоод харж чадахгүй. Энэ тохиолдолд танай байгууллагаас хорьж байгаа нөхцөл байдалтай нь танилцсан уу?
-Энэ асуудлаар манай байгууллагад олон хүн хандсан. Бид Н.Энхбаярыг хорьж байгаа газар нь хүний эрхийг зөрчиж байна уу үгүй юу гэдгийг анхаарахаас биш шүүхийн шийдвэр шударга байв уу, үгүй юу гэдгийг хянах эрх байхгүй. Өлсгөлөн зарлах гэж байхад нь зогсоохыг оролдсон боловч чадаагүй. Н.Энхбаяр 11 хоног хуурай өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарласан хүн гурваас дөрвөн хоног болоод л бие нь мууддаг юм байна шүү дээ. Ер нь аливаа зүйлд бэлтгэлтэй байх ёстой. Урьд нь хорих байгууллагуудад өлсгөлөн зарласан бол албадлагаар эмчилгээ хийлгээд зогсоочихдог байж. Гэтэл Н.Энхбаяр юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Та нар миний өлсгөлөнг зогсоох юм бол хүний эрхийг зөрчсөн хэрэг болно шүү” гэсэн. Аль хэдийнэ олон улсын хүний эрхийн хууль тогтоомжуудыг судалчихсан байж л дээ. Гэтэл манай холбогдох албан тушаалтнууд бэлтгэлгүй байсан учраас 11 хонуулчихсан. Сүүлдээ бие нь үнэхээр муудаад өлсгөлөнгөө өөрөө зогсоосон. Өөрөө зогсоогоогоогүй бол үхэх нь л дээ. Миний хувьд Н.Энхбаяр даргатай ойр дотно ажиллаж байсан. Үүнийгээ хэнээс ч нуухгүй. Тэгээд нэг жил О.Дашбалбар агсантай мацаг барьж байсан юм гэнэ билээ. Үүнээсээ болоод уургийн дутагдалд ороод эмнэлэгт хэвтэж байсан гэж ярьдаг юм. Дээр нь Н.Энхбаяр дарга өөрөө их гүргэр хүн шүү дээ. Энэ зан нь нөлөөлж 11 хонуулчихлаа. Харин урьд нь мацаг барьж байсан нь ийм удаан хугацаагаар өлсгөлөн зарлахад нөлөөлсөн байх гэж боддог. Удаан хугацаагаар мацаг барьснаас болоод бие нь их доройтох шиг байна.
-Хүний эрхийн үндэсний комиссынхон ойрын үед Н.Энхбаяртай очиж уулзав уу?
-Эмнэлэгт эмчийн хяналтанд байгаа гэсэн. Нэгэнт шаардлага байхгүй учраас албаны шугмаар очоогүй.
-Үснээс нь ДНК-ийн шинжилгээ авсан чинь хор илэрсэн гэсэн мэдээлэл гарах боллоо. Манай улсад өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй. Та өмнө нь энэ хүнтэй ойр дотно ажиллаж байсан. Ер нь хувь хүний зүгээс энэ хүний талаар ямар бодолтой байна вэ?
-Хувь хүний зүгээс хэлэх зүйл үнэндээ алга. Ямар ч байсан Монголын төрд их зүйл хийсэн. Шийтгүүлэхийг бодоход муу зүйл ч хийсэн юм байлгүй дээ. Заримдаа би Н.Энхбаярыг новшийн амьтан гэж хэлмээр санагддаг. Юу ч хийлгүй зүгээр хэвтэж байхгүй новшийн амьтан юм даа гэж боддог.
-Та Н.Энхбаярыг хайрласандаа ингэж хэлж байгаа юм уу?
-Хайрласандаа ингэж хэлж байгаа юм уу, уурласандаа юу, харамссандаа юу мэдэх юм алга. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусахад юмыг яаж мэдэх вэ гээд чимээгүй л хэвтэж байхгүй яах гэж янз бүрийн юм ярьсан юм бол доо гэж боддог. Н.Энхбаярыг эрүүл байгаасай гэдэг утгаар л энэ үгийг хэлж байгаа юм.
-Та бол УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн. Хүний эрхийн үндэсний комиссын даргаар хуульч мэргэжилтэй хүн ажиллах ёстой юм уу. Яагаад таныг энэ албан тушаалд томилсон юм бэ?
-УИХ бол иргэд сонгогчид болоод тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах ажил шүү дээ. Би 2004 онд УИХ-д сонгогдож чадаагүй. Ингээд Үндсэн хуулийн цэцэд зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд дэлхийн нийтэд Үндсэн хуулийн шүүх ямар байдаг тэр хэмжээнд хүргэхийг л зорьсон. Үндсэн хуулийн цэцийг байртай болгосон. Тэгэхэд хүмүүс намайг насаараа тэнд амьдрах юм шиг л ярьж байсан. Тэр барилга ашиглалтад орсноос хойш жил хүрэхгүй хугацааны дараа би Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилогдсон. Миний хувьд Үндсэн хуулийн цэцэд ажиллах сонирхолтой байсан. Харин хэсэг бүлэг хүмүүс намайг тэнд байж таарахгүй хүн гэж дүгнэсэн юм шиг байна билээ. Энэ тухай сүүлд л мэдсэн. Тэгээд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаач гэж тухайн үеийн УИХ-ын дарга санал болгосны дагуу энэ байгууллагад ажиллаж байна. Надад хуулиар ямар үүрэг оногдсон байна түүнийгээ ямар нэгэн эрх ашиг бодолгүйгээр бүрэн дүүрэн биелүүлэх юмсан гэж л зүтгэдэг.
-Таниас улс төрийн намын талаар ганц асуулт асууя. АН засаг байгуулж, МАН сөрөг хүчин болсон байна. 1996 оноос хойш Ардчилсан нам Засгийн газрыг ингэж дангаараа байгуулж байсангүй. Намаа сөрөг хүчний байр сууринаас харахад ямар санагдаж байна вэ. Энэ байр сууринаас танай нам юу хийж чадах бол?
-Би улс төрийн намаас түдгэлзээд найман жил болж байна. Ер нь ажиглаад байхад намыг гаднаас нь устгадаггүй юм байна. Нам дотроо эвгүй байснаас болж л алддаг юм байна. Хүнийг хань хамаагүй хүн биш найз нөхөд нь л егүүтгэдэг юм байна гэдэг зүйлийг энэ олон жилийн хугацаанд харж байна. Тийм учраас энэ ялагдлыг дотроосоо хайх хэрэгтэй. Аливаа нам улс төрийн хүчин сонгуульд ялагдсан бол хамгийн том шалтгаан нь дотоод асуудал. Тиймээс надад хэлэх зүйл алга. Дээр нь хэн нэгэнд таалагдах гэж хийсэн бодлого амжилтад хүрдэггүй юм байна гэдгийг ойлгож авлаа. Намаас түдгэлзэнэ гэдэг маань тухайн намын асуудлаас хөндийрчихдөг гэсэн үг юм байна. Хоёрдугаарт харах хараа ч нэг өнцгөөс биш олон талаас нь хардаг болж байна. Ер нь аль ч нам сонгуульд ялж, эрх мэдлээ хэрэгжүүлж болно. Хамгийн гол нь монгол хүнд хэрэгтэй, Монголын ирээдүйд хэрэгтэй арга хэмжээ авах нь чухал. Өнөөдөр хэн нэгэнд таалагдаж, маргааш дахин сонгогдох гэсэн үйл ажиллагаа явуулах юм бол хэзээ нэгэн цагт бурууддаг юм байна. Дэлхийн ардчилал өндөр хөгжсөн орнуудыг хараад байхад хөндөхгүй зүйл гэж байна шүү.
-Ардчилсан нам засгийн эрхийг аваад хүмүүсийг шинэ албанд томилж, халж сольж байна. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын дарга ямар тохиолдолд ажлаас халагддаг вэ. Таны хувьд ямар нөхцөлд халагдах шалтгаан үүсэх вэ?
-Миний хувьд хуулийн тодорхой заалт мэдэхгүй байна. Гэхдээ энэ алба тодорхой хугацаатай. Алдаа эндэгдэл гаргасан бол өөрчлөгдөхөөс арга байхгүй. Үлгэн салган явж байгаа бол өөрөө ухамсартай хандах ёстой. Үүнээс бусад тохиолдолд үүргээ биелүүлж явах ёстой болов уу гэж бодож байгаа. Одоогийн байдлаар надад ажлаа өг энэ тэр гэсэн зүйл ирээгүй.
-Та одоо Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг яаж харж байна вэ. Нэр хүнд нь унаад ч байгаа юм шиг. Улс төрийн дарамтанд ажиллаад байгаа юм шиг хэцүү байдал үүсчихээд байна?
-Би нэгэнт л тэнд ажиллахаа больсноос хойш надад мэдэх юм алга. Гэхдээ би Үндсэн хуулийн Цэцийн дарга болоод дотоод журам баталж, өргөдлийг 24 цагийн дотор цохож эзэнд нь хүргэдэг байсан. Ажил ингэж л явдаг байлаа. Одоо ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр л харж байх юм. Үнэн худлыг нь мэдэх юм алга. Зуны турш амраад алга болчихсон л гэнэ. Амралтын хувьд Үндсэн хуулийн Цэц, ХЭҮК, дээд шүүхийн ажилчид нэгэн зэрэг амардаг юм. Энэ үед сар гаруйн хугацаанд элдэв хэрэг маргааныг шийдвэрлэдэггүй.
-Таны дараагийн даргын томилгоо яагаад их удсан юм бэ?
-Би ч их гайхдаг юм. Үүнийг ёстой хэлж мэдэхгүй. ҮХЦ-ийн дарга гэдэг бол үндсэн хуулийн албан тушаал юм шүү дээ. Бүрэлдэхүүний есөн гишүүнийг нь бүрдүүлж өгөлгүй жил хагасын хугацаа алдсан шүү дээ. Ямар ч байсан намайг явуулах нь гол зорилго байсан юм шиг байна билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ер нь аль ч нам сонгуульд ялж, эрх мэдлээ хэрэгжүүлж болно. Хамгийн гол нь монгол хүнд хэрэгтэй, Монголын ирээдүйд хэрэгтэй арга хэмжээ авах нь чухал. Өнөөдөр хэн нэгэнд таалагдаж, маргааш дахин сонгогдох гэсэн үйл ажиллагаа явуулах юм бол хэзээ нэгэн цагт бурууддаг юм байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин