Энэхүү үнийн хөөрөгдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай анхааралдаа авсан болов уу?
ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улс руу нийлүүлэх шатахууныхаа тонн тутамд 49 ам.доллар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэх мессэж гадуур тарсан нь өнөөдрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байна. Хэдийгээр нефтийн бүтээгдэхүүнээр Монголд ноёрхлоо тогтоосон “Роснефть”-ийн энэ шийдвэрийн цаана Монголын төмөр зам, “Таван толгой”-д оросуудын эрх ашгийг нэмэгдүүлэх сонирхол явагдаж байгаа гэх хардлагатай ч үүний цаана Монголын нефть импортлогч монополь компаниудын атгаг санаа хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Монголд газрын тосны үйлдвэр байгуулах асуудлыг 10 гаруй жил гацаасаар ирсэн “Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай”, “Жаст Ойл”, “М Ойл” зэрэг нефть импортлогч монополь компаниудын шахалт шантааж, “Роснефть”-ийн удирдлагуудтай тогтоосон хууль бус хамтын ажиллагааны үр дүнд энэ удаа Монголын хэрэглэгчид АИ-92 бензинийг энэ долоо хоногоос эхлэн 200-230 төгрөгний илүү үнээр худалдаж авахаар болоод байна. Дэлхий даяар нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, зарим тохиолдолд буурах хандлагатай байгаа одоо үед Монголын хэрэглэгчдийг хууль бусаар шулж байсныхаа хохиролд 17 тэрбум төгрөг төлөх болчихоод байгаа нефть импортлогч монополь компаниуд “Роснефть”-тэй хууль бус тохиролцоо хийж, шүүхийн тогтоолоор төлөх ёстой 17 тэрбум төгрөгөө ийм булай аргаар нөхөж авахаар тохиролцсон бололтой. Тэдэнд ичих нүүр, Монголын хэрэглэгчдийн төлөө гэх өчүүхэн төдий ч сэтгэл алга.
Энэхүү үнийн хөөрөгдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай анхааралдаа авсан болов уу.
Эх сурвалж: "Өглөөний сонин"