logo
Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна

2012/11/06

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн аймгуудад ажиллах томилолтоо эх орны наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүллээ. Чойбалсангийн нисэх буудалд газардангуут Засгийн газрын тэргүүн “Залуус” хотхоны барилгын ажилтай танилцав. Тус хотхон нь Дорнодын залуус болон бага дунд орлоготой өрхүүдэд зориулан орон нутгаас эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажил аж. Нийт 50 га газарт 535 айлын тохилог орон сууц барих энэ ажил Дорнод аймгийн хувьд анхны томоохон бүтээн байгуулалтын төсөл юм. Хотхоны барилгын ажилд нийт 4 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоотой байгаа ба барилгын ажлыг “Дорнод гурил” ХХК өөрийн хөрөнгөөр барьж, харин цэвэр бохир усны систем, дэд бүтцэд зориулан улсын төсвөөс 600 сая төгрөг гаргаж байгаа.

Барилгын ажил энэ зун эхэлсэн, өнөөдрийн байдлаар 16 айлын орон сууцыг барьж байна. 1 метр квадратын үнийг 900 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцоолж байгаа учир орон нутагт эрэлт, захиалга их байгаа гэж орон нутгийн удирдлагууд танилцуулсан.

 

Засгийн газрын тэргүүний зүгээс “Метр квадратын үнийг илүү буулгаж байж зорилтот зах зээл болох бага дунд орлоготой иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил болно. Барьж эхлээд буй энэ хотхоныг дунд орлоготой өрхөд зориулж босгоод, бага орлоготой иргэдэд илүү хямд өртгөөр босох өөр төсөл эхлүүлэх нь зүйтэй юм байна” гээд энэ талаар эргэн ярилцахаа хэллээ.

Дорнод аймагт хийх ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр аймгийн удирдлага, газрын тосны салбарынхан зэрэг холбогдох албаныхантай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ. Мөн өнөөдрийн 17:00 цагаас аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш