logo
Орон нутгийн сонгууль эхэллээ

Орон нутгийн сонгууль эхэллээ

2012/11/06
Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авна

Энэ удаагийн сонгуульд АН, МАН, ИЗ НН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэсэн улс төрийн долоон хүчин оролцохоор мэдүүлгээ СЕХ-нд өгөөд байгаа юм байна.

Мөн МҮАН-ын “Шударга ёс”, МАХН-ИЗ НН-ын “Иргэний шударга ёс” эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, тус тус бүртгүүлж батламжаа авчээ. Аймаг, сум, дүүргийн ИТ Х-ын 8108 мандатын төлөө 19400 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Нийт мандатын 5241 нь мажоритар, 2779 нь хувь тэнцүүлсэн байдлаар эзнээ олох юм. УИХ-ын сонгуульд биеллээ олсон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зарчим орон нутгийн сонгуульд ч хэрэгжиж байна. 6000 орчим эмэгтэй нэр дэвшигч бүртгэгдээд байгаа юм. Үүнээс гадна 1000 орчим хүн бие даан нэр дэвшч байгаагийн дийлэнх нь буюу 883 нь хөдөө орон нутагт нэр дэвшиж байгаа аж. Нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх эрх нь нээгдэх юм.

Маргаантай асуудал


Аймаг, дүүрэг, сумын сонгуулийн хороо МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг “МАН-ын гишүүнчлэлтэй” гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзаж байгаа нь маргаан дагуулж байна. Ялангуяа МАН-аас МАХН руу “урвасан” гишүүд ийм гомдлыг ихээр гаргаж байгаа юм. Улс төрийн намаас гарах, элсэх нь тухайн хүний эрх. Гэвч СЕХ-ноос хийсэн албан ёсны тайлбарт нэр дэвшигчээр бүртгэгдэж чадаагүй хүмүүс нь нэрээ хуучин харьяалагдаж байсан намынхаа бүртгэлээс хасуулаагүй, намын бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, нэр дэвшигч төрийн албанаас бүрэн чөлөөлөгдөөгүй зэрэг дутагдалтай байсан аж. Энэ маргаан одоо ч үргэлжилсээр байгаа. Гэвч Сонгуулийн хуульд энэ талаар тов тодорхой заачихсан тул энэ маргааныг шийдэх гарц нь тодорхой юм.

“Хүсээгүй” мессеж ирдэг явдал үргэлжилнэ

Монгол Улс энэ жил сонгуульдаа пропорциональ хэлбэрийг оруулж ирж байгаа. Анхны юм алдаа, оноотой байдаг ёсоор УИХ-ын сонгуульд хуулиа ойлгоогүй алдаа мэр, сэр гарч байсан. Сурталчилгааг хэрхэн хийх тал дээр намууд харьцангуй сайн ажилласан ч зарим нэг байдлаар алдаа эндэл гаргачихаад “Хуульд энэ тухай заалт байхгүй” хэмээн булзааруулсан явдал гарч байлаа. Орон нутгийн сонгуулийн хуульд “бусад хэлбэрийн зар сурталчилгааг хориглоно” гэсэн заалт оруулснаар энэ ойлголтыг нэг мөр болгож, “Хуульд энэ тухай заалт байхгүй” гэсэн тайлбарыг бүрмөсөн хаажээ.

Хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сурталчилгааг хэрхэн, ямар аргаар явуулахыг нарийвчлан зааснаас гадна, сонгогчдын саналыг татах зорилгоор ямар үйлдэл, үйл ажиллагааг хориглосныг тодорхой тусгасан. УИХ-ын сонгуулийн хуулиас ялгаатай нь “сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулах, амралт сувилалд явуулах, ажлын байранд зуучлах гэх мэтчилэн нэрлэснээс гадна хуульд заагаагүй бусад сурталчилгааг хориглох шийдвэр гаргажээ. Тиймээс хуульд зааснаас өөр сурталчилгаа явуулсан нэр дэвшигч нэрсийн жагсаалтаас хасагдах юм байна. УИХ-ын сонгуулийн үеэр гар утсанд нэр дэвшигчдийг сурталчилсан мессеж ирэн, сонгогчдыг бухимдуулдаг байсан. Орон нутгийн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийг үүрэн телефоны операторуудаар дамжуулан сонгогчдод мессеж илгээхийг энэ удаа мөн зөвшөөрч байгаа аж.

Санал авах өдөр бүх нийтээрээ амарна

Орон нутгийн сонгууль явагдах арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Санал хураалт өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдах юм байна. Саналыг автомат машинаар тоолно. Энэ ажилд ашиглагдах 2500 машин бэлэн байгаа аж. Сонгуульд ашиглагдах 1.8 сая гаруй саналын хуудасны эх бэлтгэлийн ажил явагдаж байгаа бөгөөд зарим аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрсийг буруу бичих зэрэг алдаа дутагдал гаргаж байгаа нь ажилд хүндрэл учруулж байгаа юм байна. “Босго оноо хүрээгүй” Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 22 тойргийн дахин сонгууль орон нутгийн сонгуультай хамт явагдана. Дээрх хоёр сонгуулийн саналын хуудас нь нэг байх бөгөөд саналын хуудасны дээд хэсэгт УИХ-ын сонгуулийн тойргийн дахин санал хураалт, доод хэсэгт нь дүүргийн ИТ Х-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдсэн байх аж.

Сонгуулийн үеэр цаг агаар таагүй байх магадлалтай


Сонгуулийн хууль батлах явц удааширснаас болоод энэ удаагийн сонгууль харьцангуй орой товлогдсон. Энэ байдлаас болоод орон нутгийн сонгуулийн үеэр цаг агаар ямар байх нь орон нутгийн сонгууль хүчинтэй болох эсэхийг шийдэх гол хүчин зүйл болж хувираад байгаа. Цаг уурын албаны мэдээлснээс үзвэл агаарын температурын 11 дүгээр сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2-7, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг юм байна. Энэ жилийн хувьд Гуравдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нилээд хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-32, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 9-14 градус хүрч хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээ байна. Мөн энэ үеэр нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурч, тэнгэр хангай эвгүйтэх магадлал өндөр байгаа аж.

Монгол орон уудам. Нутгийн нэг хэсэгт нартай цэлмэг байхад нөгөө хэсэгт цасан шамарга болж байдаг. Цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзвэл нутгийн баруун хэсэгт орших тойргуудад сонгуулийн ирц хүрэхг үй байх магадлал өндөр байна.

Х.Сайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш