Өчигдөр өглөө нийслэлд 120 автобус үйлчилгээнд гарсангүй. Учир нь “Автобус-1” компанийн ажилчид ачаалал их, цалин бага гэсэн шалтгаанаар үйлчилгээнд явсангүй.
Биднийг “Автобус-1” компанийн байранд очиход бүх автобусаа эгнүүлчихсэн, ажилчид нь гаднаа ярайтал бөөгнөрөн зогсч байсан. Зарим нь бүр автобус дотроо хөзөр тоглож суугаа харагдсан. Нөгөө хэсэг нь тав зургаагаараа бөөгнөрчихсөн тэмцлийнхээ тухай ярилцаж байсан юм. Харин энэ үеэр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, Газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон автобус компанийн ажилтны төлөөллүүд асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж байлаа.
Хэвлэлийнхнийг ч оруулахгүй хаалгаа тас хаачихаад хатуухан үг чулуудалцан хаалттай хуралдаан өрнөнө билээ.Хурлын заалны хажууд “Ямар хариу гарах болоо” хэмээн бухимдан, хамаг байдгаа тоочих жолооч, кондукторууд хашгиралдаж, “Арай дэндүү байна. Манай дарга гэж ямар хүн байдгийг ч мэдэхгүй, Ер нь ажилчдын олонхи нь даргаа танихгүй” гэцгээж суусан. “Автобус-1” компанийн дарга Г.Төмөрбаатар нь ажлаа хийдэггүй аж. Сувилалд эмчлүүлж байгаа гээд эзгүй байна билээ. Ажилчид нь “Бидний мөнгөнөөс хумсалсан мөнгөөрөө өөрийнхөө биеийг тэнхрүүлж яваа биз” хэмээн хардаж ч байсан. Ер нь тус компанийн ажилчид Г.Төмөрбаатар даргад ам муутай байлаа. Г.Төмөрбаатар ажил дээрээ бараг үзэгддэггүй гэсэн. Харин түүний ажлыг нарийн бичиг хүүхэн нь хийж, ажилчдынхаа амьдрал, цалин мөнгийг шийдвэрлэдэг гэнэ.
“Автобус 1” компани нэг рэйс тутамд тариф тогтоож өгдөг байна. Тухайлбал, Шар- хадны чиглэлийн автобус нэг рэйсдээ 51 мянган төгрөгийн орлого хийх ёстой аж. Гэтэл замын түгжрэл, оюутны виза карт, өндөр настны хөнгөлөлт зэргээс шалтгаалж төлөвлөгөөт орлогоо биелүүлдэггүйг кондукторууд хэлж байлаа. Энэ мэтээр алдагдалтай ажиллавал жолооч, кондукторын цалингаас хасдаг юм байна. Түүнчлэн өглөө 05:00 цагт гэрээсээ гарч орой 19:00 цаг хүртэл ажиллахад явсан рэйсны тоогоор ажилласан цагийг бүртгэдэг гэсэн. Тухайлбал, өдөрт таван рэйс явахад таван цаг ажилласан хэмээн бүртгэдэг юм байна. Энэ талаараа удирдлагууддаа хэлэхэд огт хүлээж авдаггүй гэдгийг ч жолооч, кондукторууд учирлана билээ.
Жолоочийн үндсэн цалин 370, кондукторын цалин 293 мянган төгрөг аж. Үүн дээрээ илүү цагийн урамшууллаа нэмээд жолооч 600, кондуктор 400 гаруй мянган төгрөгийг сард авдаг гэсэн. Кондукторуудын хэлснээр нэг ажилчин сард 4.8 сая төгрөгийн орлогыг “Автобус-1”-д оруулж өгдөг байна. Сард 4.8 сая төгрөгийн орлого хийх ёстой гэж үзвэл шугамын цаг нь 150 байх ёстой. Гэтэл нэг минут хоцроход л сарын цалингаа бүтэн авч чаддаггүй гэсэн. Мөн автобусны шугамын давхцал маш их байдгаас аваар осол ихээр гардаг аж. Ер нь бол аль дүрэм зөрчиж хурдан явбал төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэг байдалд хүрээд буйг нуугаагүй.
ПРОГРАММ ДЭЭР 160 ЦАГ ГЭЭД СУУЛГАСАН УЧРААС 158 ГЭЖ ОРВОЛ ЦАЛИН ХАСАГДАНА
Энэ талаар “Автобус 1” компанийн эдийн засагч Б.Долгорсүрэнтэй уулзаж тодруулсан юм.
Яагаад жолооч, кондукторууд ажил хаях болов?
-Чингис хааны төрсөн өдөр болон сонгуулийн өдрийг албан ёсоор амралтын өдөр болгож батлаагүй байсан. Тэр үед ажлын 23 хоногоор тооцож цаг, тарифыг гаргасан. Гэтэл одоо хоёр өдөр амралтын өдөр болгосон тул ажиллах цагийг бууруул гэж байна. Тухайн үед амралтын өдөр болгоогүй байсан. Харин одоо ажиллах цагийг бууруулна. Үүнийг жолооч, кондукторууд ойлгоогүй бололтой.
Танай ажилчид өдөрт найман цаг ажилласан байтал таван рэйс хийхэд таван цаг ажилласан гэж бүртгэдэг гэж гомдоллож байна?
-Өмнө орлогын төлөвлөгөөг ингэж гаргаж өгөхөд төлөвлөгөөгөө биелүүлдэг л байсан. Бид зөвхөн цалин тавих гэж ажилладаггүй. Цахилгаан дулаан, бензин, даатгал гээд л олон зүйл байна. Гэтэл ганцхан цалинтай холбож ярих юм. Харин ч орон нутгийн өмчит компани гэдэг утгаараа өнгөрсөн жилийн дөрөв, арваннэгдүгээр сард цалин нэмсэн.
Цалин нэмээд хэд болсон бэ?
-Жолооч 370, кондуктор 293 мянган төгрөг болсон. Үүн дээр хоол унаа, илүү цагийн шагнал өгдөг.
Та бүхэн ажилчдадаа цалингийн задаргаагаа үзүүлдэггүй гэсэн үү?
-Цалингийн задаргааг бүх хэсгийн дарга нарт хэлээд явуулдаг.
Цагаасаа 30 минут хоцрох, орлого дутуу тушааснаас нэг сарын цалинг тэр чигт нь хасдаг гэх юм?
-Энэ бүхнийг программ дээр суулгасан. 160 цаг гээд программ дээр суулгасан учраас 158 цаг гэж ороход л цалин хасагддаг. Ажлын гүйцэтгэлээр л цалинжуулдаг.
Энэ үеэр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу “Ажилчид цалингаа нэмэгдүүлэхийн төлөө ажил хаяж байна. Энэ нь нийтийн тээврийн салбарын хямрал. Ажил үйлчилгээний хөлсийг бүрэн олгодоггүй байдал нь эцэстээ хямралд хүргэж, бодлого үйл ажиллагаа л буруу байгааг харуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ энэ зах зээлд тохирохгүй байна. Одоо даргаа өөрчилье, цалин хөлсөө нэмэгдүүлье гэж ярьж байна. Хөдөлмөр, цагийн график гээд бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. Уг нь үйлчилгээ сайтай, боломжтой газар нь эднийх. Энэ газар хямралтай байхаар бусад нь ямар байх нь тодорхой. Нийтийн тээврийг зах зээлд оруулалгүй 22 жил явлаа. Тухайлбал, талх нэг төгрөг 40 мөнгө байсныг 700-800 төгрөгт хүрсэн. Гэтэл тэр үед 50 мөнгөөр явж байсан нийтийн тээврийн үйлчилгээ 400 төгрөг байна. Энэ хямралууд нөлөөлж байна. Зах зээлд шилжсэнээс хойш нэг ч ажилчин орон сууцанд ороогүй, нэг ч хүн нийгмийн асуудлаа шийдээгүй” гэж байлаа.
АЖИЛЧИД 15:00 ЦАГИЙН ҮЕД АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООВ
Ажилчдын ажил хаялт хагас өдөржин үргэлжилсэн. Хурал хийж, ширүүхэн маргалдсанаар шийдэлд хүрч чадахгүй, жолооч, кондукторууд өдрийн хагас гиюүрсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр өрөөндөө дуудаж уулзсан юм. Ажил хаялтын талаар П.Наранцэцэг даргаас тодруулахад “Ажилчид нэг цагийн орлогын даалгавар өндөр байна, ажлын ачаалал ихтэй ч цалин нэмэгдэхгүй байна, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо давхардуулж арга хэмжээ авч байна, жолоочийн гэнэтийн ослын даатгалд хамрагддаг ч үр дүн муу гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгээд энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд “Автобус-1” компанийн захирал Г.Төмөрбаатарыг л ажлаас нь огцруулахыг шаардаж байна.
Мөн ийм нөхцөл байдал үүссэн нь компанийн дотоод зохион байгуулалт, удирдлага ажилчдын үл ойлголцлоос үүдэлтэй. Тэдний хүсэлтээр асуудлыг тэр дор нь шийдвэрлэж болохгүй. Яагаад гэвэл, “Автобус-1” компани нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас эдгээр асуудлыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх ёстой юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, энэ уулзалтаар тэдний шаардлагыг хүлээн авч зохих арга хэмжээг авах болно гээд, “Автобус-1” компанийн захирал Т.Төмөрбаатарт хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэн” гэв.
Б.Аззаяа
Эх сурвалж: "Өдрийн шуудан"