logo
Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна гэв

Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна гэв

2012/11/07
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн нарын гишүүд Оюутолгойн асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой компаний зүгээс олон нийтэд хандан явуулж байгаа үндэслэлтэй болон үндэслэлгүй олон зар, сурталчилгаа нь ихэнхдээ ард иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн, тодорхой бус, тоймгүй байдлыг бий болгож байна. Иймд өнөөдрийн хийж буй  хэвлэлийн бага хурлаар  нийслэлийн гудамж талбайгаар хаа сайгүй өлгөсөн сурталчилгааны самбарууд болон хэвлэлүүдээр  Оюу Толгойн талаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байгааг мэдээлэх зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. 
Өнөөдөр реклам, зар сурталчилгаа замбараагаа алдаж байна. Үүний цаана асар их хөрөнгө мөнгө, зардал явдгийг бид мэднэ.  Оюу Толгойн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл очих ёстой. Оюу Толгой компани нь сүүлийн үед Монгол Улсын төсөвт татварын замаар оруулсан орлогыг сурталчлах боллоо. Оюу Толгойн төслөөс монголчуудад ногдох ашиг 71 хувь, харин хөрөнгө оруулагч тал 29 хувийг хүртэнэ гэсэн рекламыг олон нийтэд өгч, татвар, урьдчилгаа төлбөр зэрэг хэлбэрээр 1 их наяд 58 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлсөн хэмээн сурталчилсан нь буруу ташаа болохыг гишүүд хэллээ.  Иймд  тэд  Оюу Толгой компани нь Монгол Улсын Засгийн газарт төлсөн гэх 1,058,226,585,000 төгрөг буюу ойролцоогоор 803 сая ам.долларын задаргааны талаар үнэн бодит мэдээллийг танилцуулья гэсэн юм. Танилцуулгад дурдсанаар, Гааль болон нэмэгдсэн өртгөн албан татвар 300 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газарт урьдчилгаа болгон 250 сая ам.доллар. Харин Монгол Улсын төсөвт нөлөө үзүүлсэн гэх мөнгөн дүн нь нийт 202,4 сая ам.доллар болж байна. Тэдгээр нь Эрүүл мэнд, нийгмийн даатгал 23,4 сая ам.доллар, Аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 179 сая ам.доллар байна. Тэгэхээр Оюу Толгой компани Монгол Улсын төсөвт оруулсан хувь нэмрээ үнэн зөвөөр, хариуцлагатайгаар мэдээлэх ёстой гэж байлаа. 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ,  “Оюу Толгой компанииас  монголчуудад ногдох ашиг 71 хувь, хөрөнгө оруулагчид 29 хувь байна гэсэн худал реклам цацсан. Үүндээ монголын ард түмнээс уучлал гуйгаач гэж  шүүхэд хандсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүгч  “УИХ-ын гишүүн С.Ганбаатар та Монголын ард түмнийг нийтэд нь төлөөлөх эрхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг маань хүлээж аваагүй. Мөн Оюутолгой компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийн нэрсийн жагсаалтыг харахаар нэг бол гадаадын хөрөнгө оруулалттай компани, эсвэл ултөрчидтэй холбогдох компаниуд гарч ирдэг. Тэр ч байтугай  Камеруны шүдээ угаасан сойзных нь үнэ ч үүнд туссан. Иймд дахин шүүхэд  хандана“ гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Энэ хурлыг бид санаачлаад явах биш харин Оюутолгой компанид Монголын талыг төлөөлөн сууж буй ТУЗ-ийн гишүүд энэ асуудалд санаа тавьж, олон нийтэд зөв хариултыг нь өгөөд явж байх ёстой “гэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш