logo
“Эмэгтэйчүүд чадна” аяныг эхлүүллээ

“Эмэгтэйчүүд чадна” аяныг эхлүүллээ

2012/11/07
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаа /2012.11.06/ эхэлж байна. Үүнтэй  холбогдуулан УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс /албан бус/ нам харгалзахгүйгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдээ дэмжин “Эмэгтэйчүүд чадна” хэвлэл мэдээллийн аяныг эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Арван дөрөв хоногийн турш үргэлжлэх уг аяны хүрээнд парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах аж.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах нь ардчилсан нийгмийн нэг гол шинж. Гэтэл манайд хүйсийн тэгш байдал хангалтгүйгээр зогсохгүй одоогоор УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 12 хувьд л хүрч байна. Тйимээс шат шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг түлхүү байлгахын тулд энэ аяныг эхлүүлж байгаа юм” хэмээгээд эмэгтэйчүүдээ дэмжиж, саналаа өгөхийг уриалж байлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Амьдралд жижиг асуудал гэж байдаггүй. Нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь эмэгтэйчүүд. Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нийт суудлын тоо 8108 байгаа. Үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийнх 745, дүүргийнх 295, сумынх 7068 байна. Дээр дурдсан нийт суудлын 5241 нь мажоритар хэлбэрээр сонгогдоно. Үлдэж байгаа 2779 суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгоно. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ нар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад аянд нэгдэж буйд талархлаа илэрхийлэн, бүлэг байгуулан ажилласан 100 гаруй хоногийн хугацаанд хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, боловсролын салбарын багш ажилчдын нэг удаагийн тэтгэмжийг хэвээр үлдээх, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах талаар санаа нэгдэн ажиллаж багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун,  “Бидний зүгээс нэр дэвшигч эмэгтэйчүүддээ урам өгөхийг хүссэн. Анхан шатны нэгжид эрх мэдлийг шилжүүлж байгаа. Жишээлбэл, энэ онд Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт 125 тэрбум төгрөг төсөвлөгдсний 80орчим тэрбумийг яам, үлдсэн 40 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийдвэр гаргаж, зарцуулах эрхтэй байгаа. Эмэгтэйчүүд гэрийн төсвийг зохицуулж, ар гэрээ авч явдаг. Тиймээс шат шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг сонгох нь чухал ач холбогдолтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш