logo
 “Чингис хааны өдөр”-өөр амарна,  харин...

“Чингис хааны өдөр”-өөр амарна, харин...

2012/11/07
 Төрийн байгуулалтын байнгын хорооны /2012.11.06/ хуралдаанаар гишүүд “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ үеэр өмнө нь яригдаж байсан Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын 14 хэмээх ойлголт нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар хэрхэн томъёологдож байгааг Байнгын хорооны дарга нэлээд тодорхой хэлж, гишүүд ч тайлбараа хэлж байлаа. Тухайлбал, М.Батчимэг, А.Бакей нарын гишүүдийнхээр бол “билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу “Их эзэн Чингис хааны өдөр” гэх. Энэ өдөр нь өнөө жил арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байгаа юм байна. Цаашид “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” нь яг л цагаан сар шиг нааш цаашаа сар орчмын  хэлбэлзэлтэй байх аж. Үүнийг дэмжиж, санаа нэг буйгаа Ц.Нямдорж гишүүн илэрхийлж байсан.  “Чингис хаан” одонг ч энэ өдөр олгож, урамшуулдаг байх тухай яригдсан.
Түүнчлэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын гишүүдийн гаргасан санал буюу “Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал. Энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг  жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай санааг ч байнгын хорооноос гарах санал, дүгнэлтэд нэгтгэн оруулж, гишүүдээс санал  хураан дэмжигдсэн юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, С.Баярцогт, Д.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат, Н.Энхболд нарын олон гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Харин өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд санамсаргүй “унасан” санал хураалтыг эргэн харж үзэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд хэлж байсан. Тэр нь “улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэх  тухай” асуудал байв. Уг тэмдэглэлт өдрийг хэвээр үлдээх, гэхдээ амралтын өдөр байсныг нь болих тухай  “унасан саналыг босгох”-оор санал хураалтыг  явуулсан ч мөн л дэмжлэг авсангүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш