Ардчилсан хүчнийхэн Засгийн эрхэнд гарч, эрх барих болсноор аюулын харанга даллав уу гэлтэй үйл явдал ар араасаа хөвөрч эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхгүй гэж хэдхэн хоногийн өмнө чуулганы индэр дээрээс ард түмэндээ хандан “тангараглаж” харагдсан. Тэр дундаа шатахууны үнийг ирэх дөрвөн жилд тогтвортой барих чухал хэлэлцээр байгуулснаа ам бардам зарласан юм даг. Гэвч өнөөх алдартай гэрээнийх нь гарын үсэгний бэх хатаж амжаагүй шахам байхад ОХУ манайд нийлүүлдэг шатахууныхаа татварыг нэмчихлээ. Мэдээж, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээрээ 100 хувь хараат манай улсад хамгийн хүндээр нөлөөлөх шийдвэр. Шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдээлэл цацагдаж, өргөн хэрэглээний үнийн хөөрөгдөл чих дэлсэв.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн хойд хөршөө үл тоомсорлосон авир Ардчиллынхнаас нэг бус удаа гарсаны хариуг Оросууд барьсан нь энэ гэсэн яриа болгоомжлол дагууллаа. Тэрчлэн үүнтэй хамт урд хөршөөс хилээ хаах тухай сануулга ирсэн гэх мэдээлэл ч олныг сэртхийлгэх нь тэр. Хойд хөрш нүүрээ буруулсан энэ үед урд хөрш хаалгаа хаах болсон нь хотын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой гэнэ.
Нийслэлийн Засаг дарга өнгөрөгч сард Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргаж, ажил хэрэг болгосноороо дуулиан тарьсан. Тэрбээр Лениний хөшөөг буулгах “ёслол”-ын үеэрээ “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан…” хэмээн хэлсэн нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчингийнхний дургүйцлыг төрүүлэв. Хөшөөтэй дайн зарласан улсын баатрын энэхүү үйлдэл тус улсын эрх баригчдыг ч хилэгнэхэд хүргэжээ. Хятадын элчин сайд Ван Сяолун манай Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар яваагаа мэдэгдэж, “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээн тодотгож Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаардсан байна. Мөн хотын захирагч Э.Бат-Үүлийг уучлал гуйх ёстойг ч энэ үеэр хариуцлагатайгаар мэдэгдсэн аж. Ингэхдээ Хятад Улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй бүрэн эрх, тусгаар тогтнолд нь хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгээ ч онцолжээ. Түүнчлэн энэ тухайгаа Хятадын гадаад хэргийн яам Бээжинд суугаа Монголын Элчин сайдын яаманд ч мөн албан ёсоор мэдэгдсэн болохыг албаныхан тодотгов.
Хотын даргын дээрх үг Монгол Улсын төр засгийн байр суурийг ямар нэг хэмжээгээр агуулж байна гэж урд хөршийн удирдлагууд үзэж байгаа аж. Иймд өндөр хэмжээнд ярихаа ч дуулгаж хилээ хаахыг мэдэгдсэн нь энэ аж. Ийнхүү АН-ын лидерүүдийн санаатай болон санаандгүй хэлсэн үг, үйлдэл урд, хойд хөршийнхний уур хилэнг төрүүлж энэ нь эргээд улс орон, жирийн ард иргэдэд аюул дагуулж мэдэхээр болоод байна. Ер нь төрийн эрх барьж байгаа Ардчилсан хүчнийхний ааш араншин нэг л биш ээ.
Л.НИНЖ
Эх сурвалж: "Нийгмийн толь"