УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оюутолгойн гэрээг шүүмжилж байсан С.Ганбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт хоёр Төрийн ордонд муур хулгана болж тоглосоор удаж байна. С.Ганбаатар С.Баярцогтыг халз мэтгэлцээнд урьж, экс Сангийн сайд энэ мэтгэлцээнээс бултах гэж бүхий л арга чаргаа барж байгаа бололтой. Нийтдээ гурван ч удаа хойшлоод байгаа энэхүү халз мэтгэлцээнээс С.Баярцогт яагаад айгаад байна вэ гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж эхлэв. Уг нь урьдчилж зарласнаар бол энэхүү мэтгэлцээн маргааш болох ёстой.
Гэвч бас л хойшлогдож байгаа сурагтай. С.Баярцогт Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нарыг мэтгэлцээнд хамт орохоор гуйсан юм байх. Гэвч сонгуульд ялагдаж, жирийн иргэний байр сууринд очсон экс сайдууд татгалзсан гэнэ. Харин С.Ганбаатар Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга тэргүүтэй гишүүдээр хүч нэмэгдүүлэн мэтгэлцээнд орох гэж байгаа аж. Тэднээс жийрэхсэн экс Сангийн сайд С.Баярцогт “Мэтгэлцээнд орох боломжгүй. Би гадаад явах гэж байгаа” гэдэг шалтгаан хэлээд бас л зугатааж байгаа сурагтай. Баян хүний бааш их гэсэн үг бий.
Мань эр энэ удаа гадаад руу зугатаах гэж байгаа бололтой. Гэхдээ УИХ-ын эрхэм гишүүн С.Баярцогт насаараа гадаадад амьдарч, насаараа энэ мэтгэлцээнээс зугатааж чадах эсэх нь эргэлзээтэй. Одоогоос ганцхан жилийн өмнө, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт “Өнөөдөр” сонинд тун сүржин гарчигтай ярилцлага өгсөн байх юм. Сангийн сайд маань тухайн үед “Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ” хэмээн сүр дулиантайгаар мэдэгджээ. Тэр ч бүү хэл Оюутолгойн гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцсэн төдийгүй Монголд ашигтай хэмээн цээжээрээ хамгаалж байсан улс төрч маань сүүлийн үед Оюутолгойн асуудлаас байнга зугатаах болов гэсэн асуултанд “С.Баярцогт ашиггүй гэрээ хийсэн учраас айж байна” гэж хариулж байна.
Түүнд айх, бас зугатаах шалтгаан байгаа бололтой. Оюутолгойн гэрээний зэс цухуйж, энэ гэрээ монголчуудад ашиггүй болсон гэдгийг тэр хүлээн зөвшөөрөхөөс айж байна. Үүнийг дагаад асар том хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг сөхөгдөж магадгүй гэдгээс УИХ-ын гишүүн С.Баярцогт айж байгаа бололтой. Хэл амтай, хэрүүл тэмцэлтэй энэ гэрээг батлагдах гэж байхад Иргэний хөдөлгөөний удирдагчид "Айвенхоу Майнз" Хятадын 16 компанид хээл хахууль өгсөн ноцтой хэрэг илрээд байна. Энэ гэрээг байгуулснаараа сайд дарга нар хахууль авсан байх магадлалтай” хэмээн мэдэгдэж байлаа. Нэгэнт гэрээ хийсэн С.Баярцогт өнөөдөр гэрээгээ хамгаалж чадахгүй зугатааж байгаа учраас энэ хахуулын тухай яриаг дахин шалгаж үзэх цаг болсон бололтой. С.Баярцогт айж ичиж, гадаад гараад зугатчихаас нь өмнө энэ асуудлыг хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэй юм биш үү?
С.Сарнай