Амгалан тайван хөдөө нутагт тааваар нүүдэллэн амьдарч сурсан малчин түмэн маань хэдийнээс нааш нүүдэл суудал хийхэд тээртэй зарим эд хогшлоо өвөлжөө ,хаваржаа намаржаандаа хурааж орхиод ажлын зав бололцоо гарсан үедээ юм уу удаан суурьших өвөлжөө бууцандаа буусан үедээ татаж авдаг нь нэгэнт тогтсон монгол ёс заншил билээ.
Тэр тусмаа 1950- аад он бол эдүгээг бодвол хөдөө сайхан нутаг минь бүр ч амгалан тайван налайж байсан цаг. Сэврэй сумын малчин гэр бүл А, У нар олны жишиг тогтсон заншлаар “Гэзэг хэмээх газар нутаглаж байгаад нүүхдээ эд хогшлоо хурааж орхиод явахдаа шуналын сэтгэлдээ автагдсан зарим этгээдүүд шүлсээ савируулан шүлэнгэтэж байсныг хэрхэн мэдэх билээ.
Уул нутаг нь Өвөрхангай аймгаас нүүдэллэн ирж суурьшсан тэднийг хятад түвд газрын ховор үнэт эд хогшилтой, хөрөнгөөр бийлэгжүү айл гэж Өвөрхангай аймгийн харьяат Сампил, Дорж, Ерөөлт, Цэнхэр, Өмнөговь аймгийн Булган сумын Гэнэн /нэрсийг өөрчлөв/ нарын хомхой сэтгэлтэй этгээдүүд сэм ярилцанхулгай хийх сиймхий гарахыг отон хүлээж байжээ.
Тэд хэмжээгүй шуналын сэтгэлдээ автагдан үгсэн хуйвалдаж эзэнгүй газар орхисон эд хогшлийг нь хулгайлан авч ачин зайлахаар ачилга тэмээтэй ирж цөлмөн авч байхад нь гэрийн эзэд уг бараа, эд хөрөнгөө эргэж үзэхээр ирж таарсан байна. Энэ үед амар хялбар аргаар их олз олж их хөрөнгөтэй болох шуналдаа хөтлөгдсөн тэд нуугдаж зугатаахын оронд эд хөрөнгийн эзэн хоёрын алтан амийг бүрэлгэн бузар хэргээ нуун далдлахыг оролджээ.
Тэдний энэ жигшүүрт хэргийг нутгийн олон түмэн сэжиглэн 20 иод хоногийн дараа зохих газарт мэдэгджээ. Үүний дагуу Өвөрхангай, Өмнөговь аймгийн цагдан сэргийлэхийнхэн хамтран шуурхай эрэн сурвалжилж, сайн мөрч Ө.Цагаан гэгч шударга үнэнч малчны хичээнгүй тусламжаар хэргийн газраас морины мөрийг илрүүлэн зөв мөрдөн тогтоожээ.
Хожим нь мөрдөн илрүүлснээр Өвөрхангай аймгийн харьяат Д.Сампил гэгч нь үрчлэн авч өсгөсөн эх 75 настай хөгшнийг тэмээ хариулж явахад нь мал,эд хөрөнгийг авах шулмын сэтгэлээр тэмээн дээрээс татаж унаганамийг нь хөнөөгөөд өөрөө унаж осолдсон мэтээр олонд үнэмншүүлэн бузар зорилгодоо хүрсэн нүгэлтэн байсан нь илчлэгдсэн байна.
Өргөн өсгөж тэжээсэн ачит эхээ хөнөөж. Мал, эд хөрөнгөнд нь эзэн суусан бузар шуналтан урдын авсандаа цадаж ханалгүй гэмгүй мөрөөрөө амьдарч байсан хоёр хүний алтан аминд хүрэх нь энэ. Хулгайч нар энэ айлын хураалттай бараанаас 94 нэр төрлийн эд зүйлийг авч ашиглахаар нуусан байжээ. Эдгээр бүлэг хулгайч нарыг толгойлон хүмүүсийн амь хөнөөсөн Сампил нь ийнхүү 2 удаагийн үйлдлээр 3 хүний амь егүүтгэсэн хэргээр хуулийн дээд хэмжээ цаазаар авахуулж, бусад нь тохирсон ялаа эдэлжээ.
Энэ хэргээс үүдэн олон зүйлийг эрэгцүүлэхэд олз ашигт шунасан “бирд”ийн сэтгэлээ хазаарлаж чадсан бол, эсвэл ядахдаа хийж буй хэргээ нуухын тулд нуугдаж зугатаасан бол эрдэнэт хүмүүсийн амь нас үрэгдэж ийм жигшүүрт хэрэг алтан говь нутагт минь гарахгүй байсан сан. Шунал ихэдвэл шулам болноо гэж. Гэнэт цадах гэдсэнд цөвтэй,гэнэт баяжих насанд цөвтэй ч гэж үг бий дээ.
Эх сурвалж: “Өмнөговь Сонин”