logo
Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа...

Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа...

2012/11/08
Сүүлийн үед Монголын ид шидтэн, зөн билэгчид арай дэндүү даварч байна. Телевизээр хүртэл солиордог болж байна. Зөн билэгч гэдэг нь экстрасенс гэснийг бөөндөж орчуулсан бололтой. Харин манайд бол бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, лам хувраг, далдыг харагч нэртэй мэргэжлийн луйврын олон төрөл мунхруулгын бизнесийн систем тогтож, манай нийгмийг муу дээр нь муухай болгож байна. Энэ бусармаг ажилд эрдэмтэн нэр зүүсэн хуурамбууд идэвхийлэн оролцож эзотерик, оккультизм, психотрон, парапсихологи зэрэг шинэ нэр томъёогоор хүний толгой эргүүлж байгаа нь бүр ч илүү жигшилтэй. Үүнийг псевдо буюу хуурамч шинжлэх ухаан гэдэг бөгөөд хэрэв луйвраар амьдаръя гэж бодож байвал өмнө нь авсан эрдэмтний дипломоо хог дээр хаях хэрэгтэй байх.
Сүүлдээ бүр бөөгийн дамжаа ажиллуулж “цол” олгодог бизнес-луйврын бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна. Энэ бурангуй явдал хэрээс хэтэрч рэкет хийх, айлган сүрдүүлэх, луйвардах зэрэг илтэд гэмт хэргийн шинжтэй болж байна. Зөндөө олон хүний аминд хүрлээ ш дээ. Шууд утгаараа гэмт хэргийн бүлэглэл, сүлжээ бидний нүдний өмнө ажиллаж байна. Монголын төрд үүнтэй тэмцэх оюуны болон үйлдлийн чадавхи байхгүй. Учир нь тэдний олонхи өөрөө луйварчин учраас луйварчдаар оюун ухаанаа орлуулж, тэднээр хайцаалуулж, нүглээ наманчилдаг новшийн амьтад байдаг. Бие биендээ байнга хараал хийлгэнэ гээд л бодчих. Нүглээс айх юм бол нүгэл хийхгүй л байхгүй юу. Харин үйлийн үр гэж байдаг юм шүү дээ…

Сая ногоон бэлэн буй…

АНУ-ын теле хөтлөгч, илбэчин, цэвэр шинжлэх ухааныг бишрэгч, АНУ-ын хуурамч шинжлэх ухаантай тэмцэх нийгэмлэгийг үндэслэгч Жэмс Рэнди гэж нэг мундаг баян хүн байх. Тэрбээр зөн билгээ бодит байдал дээр ямар ч эргэлзээгүй төгс нотолж чадсан хүнд 1.000.000 доллар өгнө гэдгээ зарлаад нэлээд олон жил болж байна. Энэхүү ер бусын саналын нөхцлүүдийг Жэмс Рэндийн сангийн http://www.randi.org/research/index.html сайтаас үзэж болно.
Товчхондоо бол сугалааны хонжворын тоог олох, ямар нэг юмыг газраас нэг төө боловч хөндийрүүлж нэг хором ч болов тогтоох, нуусан элдэв зүйл олох гэхчлэн зөн билгийн “мэргэжил” болгонд тохирсон их хялбар бөгөөд энгийн нөхцөл санал болгосон байгаа. Ийн зарласны дараа олон мянган хүн түүн дээр иржээ. Түүнээс хойш олон жил болж байгаа боловч энэ шагналыг авах хоншоортой зөн билэгч энэ дэлхийд гарсангүй сая доллар Рэндид байсаар л байна.
Монголын луйварчдын хэлний мэдлэг, боловсрол хүрдэггүй юм бол би тэдэнд тус болж Рэндитэй холбож өгөхөд бэлэн байна. Өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэн, шаналсан уймарсан хүмүүсийн зовлонгоор тоглож хэдэн мөнгө олж байхаар энэ нь хамгийн хялбар бөгөөд шударга арга болно. Тэнгэрийн цаадахыг ч мэднэ гэдэг агуу суут хүмүүсийг над руу хандаасай гэж хүсч байна. Хоншоор чинь байвал Та нарт САЯ НОГООН олж өгье…
Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй… Сүүлийн үед энэ хэллэг луйварчдын амны уншлага болов. Ер нь ингэхэд шинжлэх ухаан бүхнийг тайлбарладаг гэж хэн хэлсэн юм, малнууд аа. Хэрэв шинжлэх ухаан бүгдийг нь нээгээд тайлбарлачих юм бол энэ хүн төрөлхтөнд хийх ажил огт байхгүй болно.
Харин ч шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж, бараг ид шидийг бүтээж байгааг хүн бүр мэднэ. Тэглээ ч гэсэн цаана нь үл мэдэгдэх зүйлүүд үй түмээрээ зайлшгүй гарах бөгөөд үүнийг судалж, шинжлээд явж л байгаа ш дээ.
Шинжлэх ухааны тайлбарласан шинэ зүйл нь цаг ямагт өмнөхөө үгүйсгэж хөгждөгт гол бэрхшээл байдаг. Энэ “зовлон” дээр хуурамч шинжлэх ухаан, луйварчид хоёр тоглодог юм. Саяхан лавлаад харсан чинь дэлхийд хөгжлөөрөө хойноосоо жагсдаг Монгол оронд маань 45 Академи ажиллаж байна ш дээ. Энэ бол Гиннесийн номонд орох үзүүлэлт мөн. 45 академи гэдэг бол жижигхэн Монголыг байтугай дэлхийг ч хөгжүүлж чадах их хүч мөн. Цааш нь лавлаад үзсэн чинь веб сайттай Академи ганц ч алга. “Үхсэн баас” гэж үүнийг хэлдэг юм…

“Ардчилсан” бөө
Орос задарсан биш Кашпиров, Чумак зэрэг ид шидтэнгүүд төрөн гарав. Энэ талаар манайхан тэднээс дутаад байх юу ч үгүй билээ. 1990 оны дараахан Ромбу гаригтай холбоо тогтоодог, Алтан цөгц олдог, хүрснээ шатаадаг, харь гаригийн нисдэг тавганд суудаг мэтийн үй олон ид шидтэн төрөн гарсан билээ. Тэгж байтал 1994 онд Марз ууланд нисэх онгоц осолдов. Ингээд монголын зөн билэгчдэд авъяас чадвараа харуулах сайхан боломж олдсон юм. Монголын шилдэг тэргүүний 150 гаруй мэргэн “түргэнүүд” сар гаруйн турш мэргэлээд осолдсон онгоцыг олж чадаагүй. Зарим нь нисдэг тэрэг хөлөглөн хайгаад ч олоогүй. Хэзээ хойно нисэгчид өөрснөө олж билээ. Энэ ажилд хэдэн хүний зовлон зүдгүүрээр тоглосон, хэр зэрэг их мөнгө хөрөнгө зарцуулсныг хэн ч тоолж чадахгүй биз.
Асуудал үүгээр дууссангүй, ид шидтэнгүүд монголд асар олон болсон бөгөөд энэ нь яваандаа “онол”-ын түвшинд ертөнцийг тайлбарлах хэмжээнд хүрэв. 1993-1996 онд би УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирлаар ажиллаж байсан болохоор ардчиллын эхэн үеийн “ид шидтэн, онолчдын” ихэнхтэй уулзаж учирч ёстой нэг үйл тамаа үзэж билээ.
УИХ-ын гишүүд дээр “ид шидтэнгүүд” ирж монголыг хөгжүүлэх “онолоо” танилцуулах болсон бөгөөд “хариуцсан чиглэлийн” дагуу тэднийг над руу явуулдаг байлаа. Тэр үед би өөрийгөө нийгмийн шинжлэх ухаан хариуцсан гэж ойлгож байсан, харин УИХ надад “оюун ухааны бүх асуудлыг хариуцуулсан” байсан юм.
“Ид шидтэний” олонхи гар хоосон, цөөнхи нь том зузаан хавтас барьсан орж ирнэ. Тэгээд дүрслэн өгүүлбэл нэг иймэрхүү яриа болно.
• Надад Монголыг аврах их чухал санаа байна. Эсвэл “цоо шинэ онол” нээчихлээ.
• Яасан сайн юм. За ярь даа. Эсвэл үзүүл дээ
• Үгүй ярихгүй. Чамд хэлчихвэл хамаг санааг маань хулгайлаад оргүй болгочихно. Та нарыг ямар мэдэхгүй биш.
• Тэгээд Та яах гэж ирсэн юм ?
• Чи одоо намайг харж байхад намайг ид шидтэй гэсэн албан бичиг хийгээд өг. Эсвэл миний “нээлтийг” үнэн зөв гэсэн бичиг хийж өг.
• Би үзээгүй юманд бичиг хийж өгдөг хүн биш. Би үзээгүй, шалгаагүй тохиолдолд чадахгүй
• Ёстой хүнд сурталтай, муу коммунист. Та нар шинэ юманд дандаа ингэж саад болж байдаг.
• Тэгвэл зайл !!!
• Чи ёстой өөдлөхгүй дээ. (Ингээд нөгөө ид шидтэн ямар нэг “юм” уншсаар гарч одно. Харааж байгаа царай нь тэр)
Ийм маягаар монголын “ид шидтэнгүүд” намайг олон жил тамлаж билээ. Зарим “онол” нь Монголыг байтугай дэлхийг тэр чигээр нь аврах нүсэр том эд байж билээ. Түүнээс хойш олон жилийн турш монголын ид шидтэн, далд увьдастнуудыг нийгмийн үзэгдлийн хувьд бүртгээд ажиглаад судлаад л явж байна.
Сүүлдээ өдөр болгон шахам далд увьдастан төрж миний ард түмнийг хорлож гүйцэж байна даа. Мөнгө үржүүлдэг л гэнэ, усыг амьтай болгодог л гэнэ, сүнс энэ тэр бол хамгийн амархан нь юм шиг байгаа юм. Ёстой хуцваа л байхгүй юу…
Эхэндээ хүн хоолоо олж идэж байхад би ч юув дээ гэж бодсон санаатай. Гэхдээ л дургүй хүрээд яваад байдаг байлаа. Гэтэл энэ бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтэрч миний таньдаг хүрээлэлд гэхэд л лав 10-аад бөө төрөн гарав. Зарим нь бүр манай хамаатан, зарим нь миний шавь нар бөө болчихсон давхиж явах жишээний.
Нэг удаа сонгуульд штабт ажилласан юм. Тэгтэл Дэнжийн мянгын хэдэн бөө манай нэр дэвшигч нөхрийг дууддаг байна ш дээ. Нэр дэвшигч маань одоо яахав гэж асууж байна. Зүгээр л хаячих гэлээ. Гэтэл бөө нарын зүтгэл, тэвчээр дуусашгүй аж. Өдөр шөнөгүй дуудах болов. Харин нэр дэвшигч айж байнаа. Хэрэв нэр дэвшигчийн сэтгэл зүй тогтворгүй бол ихээхэн ноцтой болох учраас бид хамтдаа очихоор шийдлээ. Очсон чинь үхсэн хойноо нэг чавганц, 30 гаруй насны нэг хүүхэн байна. Хүүхэн нь бөө юм гэнэ.
Хэрэв тэр хүний сэтгэл зүйгээр тоглож байвал би ч гэсэн мэргэжлээ гаргах эрхтэй гэж бодов. Би бөөгөөс чи бөө болоод удаж байна уу ? гэж гэнэдүүлэн асуув. Их хурдан асуусан учраас тэр бодож амжсангүй, жил гаруй болж байна гэж хариулав. Тэгвэл арай л болоогүй байна даа гэж хэлээд тахил, чавганц хоёрт нь 10 мянгыг өгөөд салж билээ. Миний нэг танил нэр дэвшигчийг Улаанбаатарт өрсөлдөж буй ид ажлын үеэр нэг мундаг бөө холын аймгаас дуудсаны улмаас аргагүй буюу очсон хэрэг гарсан л байдаг. Ийм маягаар бөө нар хүртэл улс төр хийдэг болж. Нөгөөдүүл нь ч гэсэн дээ эхлээд лам, бөөгөөсөө асууж хэвтэхгүй үхснээ хийж УИХ-д нэр дэвшсэн юм, тэгээд бас айна гээч. Ийм л төртэй, төрийн түшээдтэй байна даа бид. Ийм байхад яаж улс орон хөгждөг юм.
Би ч гэсэн энэ асуудлыг сонирхдог. Хэрэв би ид шидтэн, зөн билэгч болъё гэж бодсон бол эд нар шиг балайнуудын хэнээс нь ч дутахгүй чадна, бүр хамаагүй илүү чадна. Нээрээ шүү…
Худлаа гэвэл Шамбал болон Агарын орон, Чандмань чулуу, Рерихийн болон немцийн экспедици энэ тэрний талаар бичсэн олон өгүүллүүдийг үзэхгүй юу. Гэхдээ би ясны шинжлэх ухааны хүн. Иймээс зөвхөн туршилтад итгэдэг. Тэрийг би одоо ч судалж байна. Ер нь бол энэ ертөнцөд, ялангуяа манай Монголд нууцлаг юмс тун олон байгааг би хүлээн зөвшөөрнө, тэглээ гээд хүн луйвардахыг би яагаад ч зөвшөөрөхгүй, тэгүүлэхгүй…

Бидний заавал хэрэгжүүлэх ажил
1. Хуурамч шашин, хуурам шинжлэх ухааны нэр барьж хийдэг гэмт хэрэг зохион байгуулалтай шинж чанартай томоохон бүлэглэлийн түвшинд хүрсэн байна.
2. Энэ бүлэглэлийн эсрэг мөн зохион байгуулалттай тэмцэл хийх ёстой. Нэр бүхий улаан цаймдаа гарсан мунхруулагчдийн үйл ажиллагааг таслан зогсоох зүй ёсны шаардлага үүсч байна.
3. Хамгийн эхэнд манайд гүн гүнзгий нэвтрээд буй хуурамч шинжлэх ухаан болох оккультизм, психротроник, экстрасенс, астралог, парапсихологи, изотерик зэргийн төлөөлөгчдийг шинжлэх ухааны байгууллагаас чөлөөлөх ёстой. Мөн буруу зүйлтэй холбосон бол шинжлэх ухаан мөн чанараа алддаг. Жишээ нь синергетик байна. Шинжлэх ухааны энэ чиглэл, нэр томъёог мухар сүсэгтэй холбох нь түгээмэл. Энэ тохиолдолд эсвэл шинжлэх ухаан, эвсэл шашны аль нэгийг сонгох ёстой, зэрэг сонголт байхгүй. Зэрэг сонговол луйвар болно.
4. Сүүлийн жилүүдэд паранормаль мухар сүсэг дэлхийд их дэлгэрч байгаа. Гэхдээ төр, нийгэм нь шинжлэх ухаандаа илүү ач холбогдол өгдөг. Гэтэл манай нийгэм бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, далдыг харагч, ид шидтэн нартаа дарлуулж, дээрэлхүүлж байна. Энэ нь нэгэнт хэвийн үзэгдэл байхаа больжээ. Эдгээрийн цаана нийгмийг хорлон луйварчдын бүхэл бүтэн сүлжээ ажиллаж манай ард түмнийг хөнөөж байна.
5. Тэдний үйл ажиллагаа хэрээс хэтэрч сүүлдээ анагаах ухаан, сэтгэл зүй, боловсрол зэрэг хүний хамгийн нандин, эмзэг салбарууд руу орж ноёрхож эхэллээ. Үүнийг төрийн зарим түшээд болон манай мэдээллийн хэрэгслүүд хөхиүлэн дэмжиж байна.
6. Иймээс бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, далдыг харагч, ид шидтэн нарыг төр, нам, хууль, эрүүл мэнд, боловсрол, цэрэг арми зэрэг салбаруудад нэвтрүүлэхгүй байх, мэдээллийн хэрэгслээр тэднийг сурталчлахгүй байх ёстой. Миний бодлоор тэднийг эдгээр байгууллагуудын хаалгаар ч оруулж болохгүй. “Боловсрол” телевизээрээ дандаа бөө гаргадаг, ид шид ярьдаг ийм адгийн тэнэг улс Монголоос өөр байхгүй.
7. Оккультизм, психротроник, экстрасенс, астролог, парапсихологи, изотерик болон бусад олон зүйлийг олон улсын жишгийн дагуу хуурамч шинжлэх ухаан гэдгийг зарлаж, энэ талаар өргөн суртал нэвтрүүлэг явуулах хэрэгтэй байна.
8. Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг маягийн өргөн сүлжээ байгуулж, мэдээллийн хэрэгслийн зугаа цэнгэлийн нэвтрүүлгийг багасгаж, шинжлэх ухаан, танин мэдэхүй, зохион бүтээх, сэтгэн бодох, бүтээлч, инновацийн нэвтрүүлгийн цагийг эрс нэмэх ёстой. Ухаандаа “Залуу зохион бүтээгч” шиг нэвтрүүлэг хэд л бол хэдийг хийх ёстой. Заавал нэмэх ёстой. Одоогийн байдлаар Монголын төр манай залуучуудыг бүгдийг нь дуучин, бүжигчин, жүжигчин, улмаар бүгдийг нь шоучин болгох гэсэн ганцхан зорилготой гэдэг нь ойлгомжтой байгаа.
9. Монголын нэр хүнд бүхий эрдэмдээс бүрдсэн “Хуурамч шинжлэх ухааныг илчлэх, шалгах, тэмцэх Үндэсний Зөвлөл” байгуулж энэ олон “балай юмтай” тэмцэл хийх бүрэн эрх олгох хэрэгтэй байна. Бүр онцгой зүйл гарвал энэ зөвлөл заавал экспертиз хийж, шалгаж, туршиж, үр дүнг нь олон нийтэд зарлаж тэдний эргэлзээг тайлах нэн хариуцлагатай үүрэг хүлээх ёстой. Үлдсэнийг нь шоронд явуулах эрхтэй байх ёстой. Энд хүний эрх мэрх огт хамаагүй.
Тэгээд хүн мунхруулах, хүний зовлонг далимдуулж мөнгө олох, хүн луйвардах чинь хүний эрх юм уу…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш