logo
Монгол хөөмийн гайхамшгийг харуулах “МОНГОЛ СОНГОДОГ” үдэш ганцхан удаа

Монгол хөөмийн гайхамшгийг харуулах “МОНГОЛ СОНГОДОГ” үдэш ганцхан удаа

2012/11/08
Монгол хөөмийн гайхамшгийг харуулах хөөмийч СТА Н.Наранбадрах, ҮДБЭЧуулгын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын  “Монгол сонгодог”  уран бүтээлийн тоглолт 2012 оны 11 сарын 11 өдөр 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болно.

Тоглолтод ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал, тус чуулгын бүжигчид, ДБЭТ-н Симфони оркестор, ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэтуяа, амьд хөгжмийн хамтлаг, оролцоно. Монголд төдийгүй дэлхийд хөөмийн урлагийг хөгжүүлэх, түүний урын сангийн агуулгад баяжилт хийх, агуулгын өргөн хүрээнд хөгжүүлэх эрхэм зорилго бүхий  “Монгол сонгодог” төслийн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж буй бөгөөд ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар М.Бирваа, Р.Бат-Эрдэнэ нар тус тус ажиллаж буй аж.

Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмий нь эрт дээр үеэс уламжлалтай урлаг юм. Энэ нь эртний нүүдэлчний уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн бөгөөд хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаарах болжээ. Хөөмийн урлаг Монгол улсад 1950-иад оноос тайзны хэлбэрт шилжин хөгжиж ирсэн бөгөөд өнөөг хүртэл энэхүү хэв шинжээ алдалгүйгээр ардын буюу уламжлалт чиглэлээ баримталахын сацуу орчин үеийн сонгодог урлагийн түвшинд хүртлээ хөгжиж байна. 2011 онд монгол хөөмийг дэлхий өв санд бүртгэсэн билээ.


Хөөмийч Н.Наранбадрах нь Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдааны хошой алтан медаль, ОХУ-ын Буриад улсад болдог Олон улсын хөөмийчдийн  наадмын удаа тэргүүн байр, гран при шагналт, дэлхийн 20 гаруй улсад өөрийн тоглолтоо сонирхуулж байсан нэгэн юм. Урлаг судлаач, хөөмийч Н.Цогтгэрэл нь мөн л дэлхийн 20 гаруй улсад аялан тоглож байсан агаад Франц улсад зохиогдсон Олон улсын Ардын Урлагийн Их наадмын гран при шагнал, ОХУ-ын Буриад улсад зохиогддог Олон улсын Хөөмийчдийн наадмын тусгай болон тэргүүн байр хүртэж байсан улсын хөөмийч билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 88006102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш