Бүсгүй минь чамайг үзэсгэлэнтэй гэх мянга мянган шалтгаан бий. Яг одоо эдгээрээс зөвхөн наймыг нь л дурдах гэж байна. Нүүрэндээ будаг түрхээгүй байсан ч , ямар ч үнэртэн цацаагүй байсан ч чи байгаагаараа үзэсгэлэн гоо гэдгийг чамд сануулах гэсэн юм. Учир нь бүсгүй хүн бүр бурхны гайхамшигт бүтээл юм шүү.
Чиний инээмсэглэл
Юуны түрүүнд чиний инээмсэглэлийг хамгийн түрүүнд дурдах хэрэгтэй. Инээмсэглэлээс чинь эерэг энерги цацарч чамайг улам үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг. Чи шүдээ ярзайлгаж, бага зэрэг мушилзаж, нүдээрээ, амаа дарж инээдэг алин ч байсан ялгаагүй чиний инээмсэглэл гэрэл цацруулдаг болохоор чи хөөрхөн!
Чиний инээд
Тиймээ инээмсэглэлээс гадна инээж буй байдал чинь чамайг илүү үзэсгэлэнтэй болгодог. Чиний аз жаргалтайгаар хөхрөн инээх чинь ертөнцийг тэр чигт нь гэгээлэг болгодог. Магадгүй энэ нь хүний төрөлх чанартай холбоотой. Хүн аз жаргалыг хаа нэгтэйгээс эрсээр л байдагтай холбоотой байх. Тиймээс бүсгүй минь инээдээ тэвчих хэрэггүй. Сэтгэл дүүрэн чангаар инээ. Тэр чамайг илүү үзэсгэлэнтэй болгоно.
Чиний нулимс
Бүсгүй хүний сэтгэл хөдлөл бүхэн тэднийг үзэсгэлэнтэй харагдуулах шалтгаан болдог. Чиний нулимс хүртэл чамайг үзэсгэлэнтэй харагдуулдаг гэдгийг мэдэх үү. Чи гунигтай байсан ч бусдын хайрыг татсан хэвээр л байх болно. Тиймээс уйлмаар байгаа үедээ уйл, сэтгэлээ онгойлго. Чиний нулимсанд хорвоо бүхэлдээ уусах шидтэй.
Чиний эелдэг зан
Чамайг бусдад хөөрхөн гэж харагдуулах нэг шалтгаан нь чиний эелдэг зан. Тийм ч царайлаг биш хэрнээ цаанаа л нэг эелдэг, ялдамхан бүсгүйчүүдэд эрчүүд татагдах нь бий. Үүний шалтгаан нь өөрийн дотоод гоо үзэсгэлэнгээрээ бусдад нөлөөлж буйн илрэл юм. Гаднах төрхөөрөө хичнээн сайхан байсан ч, ааш зангаараа бусдыг өөрөөсөө үргээх нь бий. Дотоод гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд зүгээр л тааралдсан хүн бүхэндээ сайхан хандсанаараа зан сайтай болчихдоггүй. Тэдний доторхи хүн угаас цэвэр, ариун байгаад гол учир бий.
Чиний энэрэнгүй сэтгэл
Бусдын зовлонг ойлгодог чинь, хэн нэгний өрөвдөн хайрлах энэрэнгүй сэтгэл амьдралыг илүү утга учиртай, гэгээлэг болгодог. Өрөөлийг хайрлах, энэрэх чадвар бүсгүй хүн бүрт байдаг. Харин түүнийгээ хэрхэн илэрхийлж байгаагаас шалтгаалж чамайг улам үзэсгэлэнтэй болгож байдаг.
Чиний хайр
Бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа чинь чамайг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Онцгой хэн нэгнийг, эцэг эхээ, эгч ахыгаа, дүүгээ, найз нөхдөө, өөрийн эргэн тойрныхоо хүмүүсийг хайрладаг бүсгүйд бусад хүмүүс өөрийн эрхгүй татагддаг. Хэн нэгнийг хайрлаж байгаа чинь чамайг байгаагаараа үзэсгэлэнтэй харагдуулахад нөлөөлдөг.
Чиний нөхөрлөл
Хэн нэгний дотны сайн нөхөр байж чадна гэдэг хэн нэгний сайн хань болж чадахын илэрхийлэл. Олон сайн найз нөхөдтэй, тэдгээрээрээ өөрийгөө чимж явдаг эмэгтэй сэтгэл татм байж чаддаг.
Чиний өөртөө итгэх итгэл
Өөрийнхөө хорвоо дээр дахин давтагдашгүй гэдгийг мэддэг бүсгүйчүүд өөртөө итгэлтэй байж чаддаг. Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд өөрийгөө хайрлаж, үнэлж чаддаг учраас дэндүү үзэсгэлэнтэй байж чаддаг. Тиймээс өөртөө итгэлтэй бүсгүй чи байгаагаараа хамгийн үзэсгэлэнтэй.
Гоо үзэсгэлэн гэдэг бол зөвхөн гаднах илэрхийлэл биш. Дээр дурдсан зүйлсийн ихэнх нь бүсгүй хүний дотоод мөн чанарын илэрхийллүүд байгааг харж байгаа биз ээ. Бид өөрсдийн гадаад байдалдаа илүү их анхаарал хандуулдаг хэрнээ дотоод сэтгэлээ арчлахад нэг их санаа тавьдаггүй. Гэтэл биднийг үзэсгэлэнтэй харагдуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол бидний дотоод гоо үзэсгэлэн юм.
Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”