Орой хариад зурагт асаахаар төр эргэх гэж байгаа мэт санагдана. Эрхэм гишүүд УИХ-ыг дивандлаа гэнэ. Хэсэг эмч нар нийгмийг өвчнөөс салгах гэж хамгийн ашигтай барилга, тоног төхөөрөмжийг эзэмшинэ гэнэ. Автобус компани ажилдаа гарахгүй гэнэ. МАХН МАН-аа бас "дивандаж" байна. Хямд нүүрс тараах ажлыг хороодын дарга нар эсэргүүцсэн гэнэ. 1990 онд нийслэлийнхэн бүү хэл, монголчууд сонирхмоор үйл явдлууд. Гэхдээ энэ бүхнийг тоож байгаа нохой ч цөөхөн байна. Хог түүх нь түүгээд машин барих нь сэлгүүцээд л...
Тэдэнд ямар нэгэн улс төр биш хэдэн төгрөг олж үр хүүхдээ хооллох нь л чухал. Сэтгүүлч эмэгтэйн ярьснаар бол арай дөмөг мэдээ гаргамаар байгаа аж. Хүсэхэд хясна гэгчээр болж байгаа үйл явдал нь хүнд мэдээлэхэд ичмээр. Үүргийнхээ дагуу л мэдээлж байгаа нь тэр. Нийгэм тэр чигээрээ бухимдаад байна уу гэтэл үгүй. Харин хэн бухимдаад байгаа нь үл үзэгдэнэ. Сонгогчид бол ялагдсан нам энэ бүхнийг зохион байгуулаад байна гэдгийг тааварлана. Гэхдээ сөрөг хүчний үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг бас мэднэ. Харамсалтай нь болж байгаа үйл явдлууд хуулийн хүрээнд гэхэд хэцүү. Учир нь төрийн түшээд хүч хэрэглэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй гэдгийг сургуулийн хүүхдүүд ойлгоно.
Эмч нар эмнэлгийн барилгыг хаанаа байхыг шийдэх эрхгүй гэдгийг захын оюутан заалгасан. Харин эмч нарт төгссөн сургууль нь сонгуульд ял сан нам Засгийн газраа байгуулна, олонхиор байгуулсан Засгийн газрын шийдвэрийг ард түмэн мөрдөнө гэдгийг заагаагүй бололтой юм. Учир нь улсын төсвөөр баригдсан барилга гэдэг бол Засгийн газрын буюу нийтийн өмч. Хэн нэгэн улс төрийн намыг ялгаварласан, хэсэг бүлэг эмч нарын өмч биш. Орчин цагийн эмнэлгийн тоног төхөөрөмж дээр зөвхөн тэр хэсэг эмч ажиллана гэсэн хууль байхгүй. Үнэн хэрэгтээ ил далдаар өмчилж "мөнгө хийнэ" гэсэн үг бүр биш. Тэднээс доор нөхцөлд ажиллаж байгаа мянга мянган эмч нар бий. Өргөсөн тангаргаа бодоод зудад нэрвэгдсэн айлд хүүхэд эх барьж байгаа хэдэн мянган эмч байдаг.
Ямаа шиг ямба нэхэж суугаа хэсэг эмч нарын үйлдэл "эх орон, ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай. Үйл хөдлөл нь харин өндөр үнэтэй тоног төхөөрөмж, шинэхэн орд шиг байшин дээр тусаастай. Хэний ямар хүчинд дулдуйдан Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа нь сонин. Тэднээс хэн ч өндөр ашигтай тоног төхөөрөмжийг булаах гэсэнгүй. Зөвхөн давхар зардлыг л бууруулах шийдвэр Засгийн газар гаргасан. Өмнөх жилүүдэд эмч нар ийм авир гаргасан бол хаана очих байсан бол.
"Ачтан", "Сонгдо", "Хатагтай" гээд олон сайхан эмнэлэг байдаг. Тэд төр, Засгаас сохор зоос нэхэлгүйгээр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байна. Гэтэл тансаг орд нэхээд байгаа эмч нар хэнээс дутуугүй гоё донгодох боловч хэн бүхнээс илүү их хөрөнгийг төр засгаас шаардаж байна. Сургууль, цэцэрлэггүй түмэн хүүхэд байгаа. Гурван ээлжээр хичээл зааж хэний ч тархинаас илүү ачаалалтай байгаа багш нар байна. Тэд бүхэн дээрх эмч нарыг хараад юу бодож суугаа бол. Өглөө ажилдаа явах гэтэл автобус алга. Ажил хаясан гэнэ. Өнөөдөр автобус компаниуд шиг танхил аж ахуйн нэгжүүд байхгүй.
Төр хэдэн арван тэрбум гаргаж парк шинэчилсэн. Дарга нарыг явгалж автобусанд чихэж өгсөн. Түмэн амьтныг замаас шахаж төмөр замаас дутахгүй зам гаргаж өгсөн. Тэр бүхнээс хангалттай ашиг олох боломжтой. Захирал цалингаа тавихгүй байгаад түмэн олон буруугүй. Автобус жолооч нарын хувьд ажлаа хаяна гэдэг нь даварсан захирлаа биш, ядарсан олноо л тамлаж байгаа хэрэг. Мэдээж шаардлага тавих эрх хэнд ч бий. Гэхдээ хэзээ ямар шаардлага хэнд ямар хохирол учруулахыг тооцох хэрэгтэй.
Жолооч нарт асуудал байж болно. Энэ бүхнээ урьдчилан зарлаад ажил хаясан хэн ч тэднийг буруутгахгүй. Ямар ч сануулгагүйгээр ажил хаяж байгаа нь сонгууль дөхсөн өнөө цагт улс төрийн сэдэлтэй мэт харагдана. Нийслэлийн гэр хорооллынхонд хямд нүүрс түгээх ажлыг Засгийн газар санаачилж байна. Энэ ажлыг уурхайгаас эхлээд хороодын дарга нар эсэргүүцэж байна. Тэдэнтэй тэдэнгүй нүүрс тарж байна. Тэднээр төр ажлаа гацаалгахгүй. Ардчилсан төр гэдэг бол хууль сахиулдаг төрийг хэлдэг гэнэ. Аргаа ядаад гуйгаад суудаг нь Монгол төрийн уламжлал биш гэнэ. "Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морин дээр" гэдэг үг байдаг. Төрийг шүүмжилж болно. Эсэргүүцэж болохгүй. Ямар ч муу төр хэн нэгэн улстөрч, ямар нэгэн намд хууль хэрэгжүүлэхийг шаардахаар зогсохгүй, хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн эсрэг ажиллагаа цаашид даамжирвал...
Х.Баттөгс
Эх сурвалж: "Нийслэл Таймс"