МҮБХ-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний дүнг танилцуулж, сэргээш хэрэглэсэн болох нь батлагдсан хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлалаа. Хүчит бөхийн барилдаанд зургаа давсан улсын арслан Х.Мөнхбаатар, тав давж начин цол хүртсэн Б.Сугаржаргал нар сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ.
Наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон. Гэхдээ давтан шинжилгээгээр баталгаажаагүй тул албан ёсоор зарлалгүй өдийг хүрсэн юм. Харин дээрх хоёр бөхийн B сорьцын хариу саяхан ирж, сэргээш хэрэглэсэн гэдгийг албан ёсоор баталжээ.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: Баяр наадмын комисс шинээр сонгогдсоны дараа шийтгэл хүлээлгэх талаар ярина
-Допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн дүгнэлтээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдаж шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатар, улсн начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь батлагдсан. Бид дээрх дүгнэлтийг үндлэслэн, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлаж байна.
Дүгнэлтийн нэг хувийг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байгаа. Ямар арга хэмжээ авахыг тэд шийдэх ёстой. Гэвч одоо болтол шийдэхгүй байна. Тус хороог Шадар сайд ахалдаг. Шинэ Шадар сайдтай болсноор баяр наадмын зохион байгуулах хороо ч бас шинэчлэгдэх ёстой болсон. Үүний дараа энэ асуудал шийдэгдэх байх.
У.а Х.Мөнхбаатар: Би чилийсэн палийсан гэдэг эм л уусан
Хэвлэлийн бага хурал үргэлжилж байх үед улсын арслан Х.Мөнхбаатар танхимд орж ирсэн бөгөөд дараах мэдэгдлийг хийсэн юм.
-Би “А” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан. Тэгээд шинжилгээний хариу ийм гарсан байна. Би цагаан сарын барилдаанд оролцож байхдаа аварга С.Мөнхбаттай барилдаж байгаад баруун мөргөө гэмтээсэн. Гэмтлээ эдгээх зорилгоор эмийн сангуудад худалддаг “Чилийсэн палийсан” гэдэг эмийг хэрэглэж байсан.
Тэр эмэнд гормон идэвхижүүлэгч бодис байдаг юм билээ. Энэ бодис сэргээшийн төрөлд багтаж байгаа эсэхийг Сонгдо эмнэлэгт шинжлүүлэхэд хариу”үгүй” гэж грсан. Гэтэл энэ шинжилгээг хүчингүй гэсэн. Тэгэхээр нь би БНСУ-д өрийн зардлаар очиж шинжлүүлсэн юм. Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа ирнэ. Тэр болтол битгий зарлаач гэсэн хүсэлтийг бичгээр хүргүүлсэн ч хүлээж авсангүй.
Үүний дараа Р.Нямдорж тэргүүн, Х.Мөнхбаатар арслан нарын хооронд маргаан дэгдсэн нь сэтгүүлчдийг гайхшруулсан юм. Арслан “Р.Нямдорж тэргүүн 2009 оны наадмын үеэр надаас хүү Н.Ганбаатарыгаа заан цолд хүргэхийг хүсч 70 сая төгрөг амалсан. Тэр үед хүсэлтийг нь хүлээж аваагүй. Шударга барилдсан. Тэгэхэд Р.Нямдорж тэргүүн “Чи яасан овоо хүүхэд вэ. Чи намайг хараарай” гэж хэлж байсан юм.
Энэ явдлаас болж нүд үзүүрлэгдэж ирлээ. 2009 онд Г.Өсөхбаяр аваргатай, 2011 оны наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй хийсэн барилдаан маргаантай болсон. Сүүлийн тохиолдолд нь би гомдолтой байгаагаа мэдэгдэж гомдол гаргаж байсан шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин Р.Нямдорж тэргүүн “Миний хүү яаж барилдаад цол авсныг ард түмэн мэднэ.
Би хүнд 70 сая төгрөг өгье гээд явж байх хүн биш. Миний хүү юу гэж чамаар заан болох юм бэ. Чамаас тоож гуйхгүй. Чи ингэж ярьж байгаа бол чамайг шүүхэд өгнө” хэмээн хариуллаа. Сэргээшийн шинжилгээний хариу зарлах хэвлэлийн хурал ийнхүү сүр дуулиантай шүүх хурлын эхлэл болж өндөрлөсөн юм. Үндэсний бөхөд нүүрлэсэн гэж ил далд ярьсаар ирсэн найрааны асуудал үнэхээр байдаг эсэхийг энэ шүүх хуралд харуулах биз ээ. Монгол бөхийн дэвжээ ариун байг.
Эх сурвалж: "Монголын Мэдээ"