logo
Б.Обамагийн ялалт ба Монгол залуус

Б.Обамагийн ялалт ба Монгол залуус

2012/11/09
...Одоогоос 4 шахам жилийн өмнөх нэгэн хүйтэн өглөө Б.Обамагийн "Ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслол"-ыг  сонирхохоор очиж байсан юм. Тэр үед америкчууд өөрсдийн сонгосон Ерөнхийлөгчээ яаж хүндэлж, бахархаж үзэж байгааг мэдэрч байв. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч,  АНУ-ын 44 дэх удаагийн Ерөнхийлэгчийг сонгох сонгуулийн ажиллагаа энэ 11 сарын 6 ны Мягмар гаригт Америк орон даяар болж өнгөрөв. Америкчууд сонгуульд саналаа хэрхэн өгч байгааг сонирхохоор өөрийн амьдардаг Виржина мужийн Файрфакс  дүүргийн санал хураах байран дээр очлоо.

Санал хураалт нь ихэвчлэн тухайн дүүргүүдийн сургуулиудын байранд болдог юм байна.  Санал хураалтын ажиллагаа өглөөний 7 цагаас эхэлж оройн 8 цагт дуусна гэдгийг урд орой нь ТВ-ийн мэдээллээс олж мэдсэн хэрэг. Биднийг 8 цаг өнгөрөөгөөд очиход санал хураалтын ажиллагаа эхэлчихсэн цөөнгүй хүмүүс саналаа өгч байв.  Мэдээж би санал өгөх эрхгүй байсан ч сонирхолдоо хөтлөгдөн болгоомжтой дөхөж очвол, үүдэнд бичиг баримт шалгаж байсан залуу бидний бичиг баримтыг үзсэнээ шууд оруулсан юм. Сургуулийн цэлгэр том танхимд  ямарч хардлага болгоомжлол үгүйгээр хүмүүс чөлөөтэй саналаа өгөх юм.

Саналаа өгөх хүмүүсийн бүртгэл нь цахим сүлжээнд байгаа болохоор хүмүүсийг гэрийн хаягаа  чанга дуугаар хэлэхэд нь санал өгөх хуудсыг өгч байв.  Жижиг хаалт бүхий тавцангийн өмнө суугаад 1 хуудас цаасыг нь зохих зааврын дагуу бөглөсөн хүмүүс уг хуудсаа санал уншуулах машинд  өгч уншуулах аж. Саналаа өгсөн хүмүүс гарах хаалган дээр очиход нь үүдэнд зогссон хүмүүс  баяр хүргээд саналаа өгснийг нь нотлох  Америкийн төрийн далбааны зурагны дээр I VOTED  гэж бичсэн жижиг цаасан зүүлтийг өгч байв. Уг тэмдгийг хувцсан дээрээ наасан хүмүүс  өөрийгөө  АНУ-ын иргэний үүргээ биелүүллээ гэсэн нотолгоогоор зүүдэг төдийгүй, бусад хүмүүстээ ч саналаа өгөхийг уриалах  боломжтой аж.

Монголдоо олон ч сонгуулийн санал өгч байсан болохоор миний хувьд баахан хамгаалалт, хардлага болгоомжлол дунд  очих байх даа гэж бодож байснаас огт өөр байдалтай байв. Энд ямарч албадлага хардлага үгүйгээр маш энгийн хэрнээ чөлөөтэй байсан нь Америкчуудын сонгуулийн тогтолцоо нилээд сайн төдийгүй иргэд нь ч өөрийн эрх үүргээ сайн ухамсарладгийнх юм уу гэж бодогдож байв. Бас саналаа өгсөн хүмүүсийг дахин саналаа өгөхөөс сэргийлэн малын им тамга шиг тэмдэглэгээ хийлгүй, харин ч саналаа өгснөө бахархалтайгаар бусдад харуулах тэмдэг өгч байгаа нь  хүнээ дээдэлж хүндэлдэг  нийгмийн илрэл гэлтэй.

...Энэ үдэш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүх хэрхэн яаж гарахыг сонирхохоор  CNN-ий мэдээг ТВ-ээр харлаа.  Санал хураалт  албан ёсоор зогссоноос хойш, санал тоолж мэдээлэх бүх явцыг иргэд нь гэртээ суугаад ТВ-ээр  үзэх боломжтой аж.  Дэлгэц  дээрх  Америкийн газрын зураг дээр саналын дүн гарч байгаа бүх муж, тойргуудыг  нарийвчлалтайгаар үзүүлж, нэр дэвшигчдийн саналын хувийг маш тодорхой байдлаар задлан харуулж байв. Ардчилсан Намыг цэнхэр өнгөөр, Бүгд Найрамдах Намыг улаан өнгөөр ялгаж үзүүлж байсан нь  хэнд ч болов ойлгомжтой байлаа.  Энэ дүрслэлээс ажихад Америкийн төв хэсэг нь БНН-аас нэр дэвшигч М.Ромнид, зүүн баруун хэсэг нь АН-аас нэр дэвшигч Б.Обамад илүү санал өгч байгаа нь анзаарагдаж байв.

Санал хураалт Америкийн бүх муж даяар тэнцүү өрсөлдөөнтэй болж,  нийт сонгогчдийн төлөөлөгчдийн  538 саналаас 303 саналыг нь авснаар АН-аас нэр дэвшигч Б.Обама  ялалт байгууллаа.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрх нь оршин суугаа хүн амынхаа тооноос хамаарч муж мужуудад өөр өөрөөр хуваарилагдсан байдаг. Жишээ нь  37,7 сая хүн амтай Калифорн мужид 55 саналын эрх байдаг бол 1 сая оршин суугчидтай Монтана муж 3 саналын эрхтэй байх жишээтэй. Тийм болохоор гол өрсөлдөөн нь  Колорада, Флорида, Айова, Висконсин, Охайо, Виржина, Нью-Хемпшир зэрэг саналын эрх олонтой мужуудад боллоо.

Б.Обамагийн төлөө хар арьст нийт сонгогчдийн 93%, латинос буюу испани гаралтай сонгогчдийн 69% нь саналаа өгчээ.  БНН-аас нэр дэвшигч М.Ромнигийн төлөө Америкийн харьцангуй чинээлэг , дунд давхаргын төлөөлөл болсон сонгогчид  саналаа өгсөн байна.  Ийнхүү АН-аас нэр дэвшигч Барак Обама, өрсөлдөгч БНН-аас нэр дэвшсэн Митт Ромнигоос 11 санал илүү авч АНУ-ын 44 дэхь Ерөнхийлөгчээр дахин сонгогдлоо.

 Б.Обамагийн ялалтад тус болсон Монгол залуус

2009 онд дэлхийн хэмжээнд  болсон уралдаанд тэргүүлж байсан вэб дизайнер Ч.Ганболд, Г.Дарьсүрэн нар  2010 оноос  АНУ-ын Ардчилсан Намын дэргэдэх сурталчилгааны албанд уригдан ирж ажиллаж байгаа юм.  Тэд хөдөлгөөнт болон дүрслэлт рекламны төрлөөр нилээд чадвартайд тооцогддог болохоор миний мэдэхийн  Чикаго болон Нью-Иоркийн захиргааны захиалгат сурталчилгааны ажлуудыг  их өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан юм.

Мэдээж АН-ын сурталчилгааны албаны хувьд, сүүлийн 2 жилд Б.Обамагийн сурталчилгааны ажилд голлож ажиллацгаасан.  Миний мэдэхийн тэд сүүлийн 2 сард огт амралтгүйгээр ажиллаж байлаа. Хагас бүтэн сайны өдрүүдэд тэд гэрээсээ бүх ажлаа хийнэ. Амсхийх ч завгүй. Саяхан тэдний байгууллага, ажилтнуудынхаа Б.Обамагийн сурталчилгааны явцад хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоон үзүүлэлтээр  гаргажээ.  Ч.Ганболд сүүлийн 2 жилд 4943 сурталчилгааны ажил хийснээс сүүлийн 3 сард нь 1211, сүүлийн хоёр долоо хоногт 409 сурталчилгааны ажил хийж гүйцэтгэсэн байна.  Энэ бүх сурталчилгааны ажлууд нь АН-аас нэр дэвшигч Б.Обамагийн сонгуулийн сурталчилгаанд  зориулагдсан аж.  Түүнийг байгууллагын удирдагч нь "яг л машин шиг ажиллаа" гэж талархал илэрхийлсэн гэдэг.

Ч.Ганболд, Г.Дарьсүрэн нартай дотно найзын хувьд би тэднээр бахархаж байлаа.  Бодох ахул Монгол залуус АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд  голлох үүрэгтэй оролцож, сонгуульд ялахад нь өөрсдийн оюун сэтгэлгээний бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг бага зүйл биш.  Б.Обамагийн сонгуулийн ялалтад Америкийн сая сая хүмүүс баярлан бахдаж байх мөчид нь би тэдэнд "Энэ ялалтад та хоёрын хувь нэмэр их байгаа гэдэг л хамгийн сайхан байна  шүү дээ, та хоёртоо баяр хүргэе" гэж хэлсэн юм. 

Тийм ээ, монгол залуус  улам улмаар хөгжиж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж явна.  Бид тэднээр бахархахгүй юм бол хэнээр бахархах гэж? Монголын ирээдүй сайхан байнаа, та нартаа улам их амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш