logo
ОХУ гомдлынхоо хариуг шатахууны үнээр барив

ОХУ гомдлынхоо хариуг шатахууны үнээр барив

2012/11/09
ОХУ манайхыг бензин, ша­тахуунаар дахиад л боомил­чихлоо. Одоохондоо үүнийг шатахуун им­­портлогч хэдэн компаниас болсон мэтээр тайлбарлаж, ингэж ойлгохыг хичээж байна. Гэвч үгүй бололтой.

Энэ ерөөсөө л оросууд гомд­лын­хоо хариуг манайд барьж байгаа үйлдэл аж. Шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ л Таван толгойн нүүрс, төмөр зам гээд олон улсын томоохон төслүүдээс ОХУ-ыг эвтэйхэн шахчихсан. Ту­хайлбал, манай талаас өнгөрсөн арав­дугаар сард Баруун Цанхид гэрээт олборлогчоор хамтран ажил­лах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлсэн. ОХУ-ын зүгээс энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлсэн боловч Засгийн газар үүнийг авч хэлэлцээгүй.

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар АНУ-д хөл алдаж, шата­хуу­наар хараат байдаг хойд хөршөөсөө нүүр буруулсан билээ. Харин үүн дээр оросууд хөнгөхөн тоглолт хийж, “Пибоди Энержи”-д хүсэлт илгээснээс ганцхан сарын дараа манайхыг шатахуунаар боомилж эхэллээ.

Ганц Таван толгойн нүүрс ч бус. Шинэ төмөр замын асуудалд мөн л ОХУ-ыг жийчихсэн. Тэгэхээр Засгийн газар маань урдах, хойдохоо бодолгүй гэнэн байдлаар шийдвэр гаргасан бололтой. Ул­маар 100 жилийн турш манайд хяналтаа тогтоож байсан ОХУ эцэстээ байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг л хоосон шахуу хоцорсон. Мэдээж их гүрэн юу гэж манайх шиг жижиг улсыг гэнэтхэн сул тавиад явуулахыг хүсэх вэ. Чаддагаараа боож, эхний сануулга өгсөн нь энэ байв.

Үүнээс харахад шинэ Засгийн газар арай л эрдээд байх шиг. Шатахууны импортынхоо үнийг тэнгэрт тултал нь нэмж, бүр зог­соочихвол бид хэчнээн арвалзаад яах билээ. Геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог манай улсын эдийн засаг гээд бүх зүйлээрээ энэ хоёр орноос хараат. Тиймээс ч иймэрхүү том асуудалд наанатай,  цаанатай байх ёстой. Энэ бол улстөрийн зарчим.

Харин өмнөх Засгийн газрын хувьд үүнийг бодолцож, урдах, хойдохоо гомдоож болохгүй гэд­гээ мэддэг байж. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар анхны том шалгалтдаа муу дүн авах нөхцөл бүрдээд байна. Чухам шатахууны асуудлыг хэрхэн ший­дэхээс шинэ Засгийн газарт ард түмэн дүн тавих биз.

Ер нь, хойд хөрш ч гэлтгүй, урд хөрш ч энэ мэт асуудалд нэ­лээд эмзэглэж байгаа сурагтай. Сая­хан хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар” зочид буудлын өмнө байсан В.И.Лениний хө­шөөг буулгах үеэр айхтар том үгийн алдаа гаргажээ. Хотын  удирд­лагууд В.И.Лениний хөшөөг буул­гахдаа коммунизмыг Азийн цээж­нээс үлдэн  хөөе гэх утгатай үг хэл­­­чихэж. Түүний энэ үгэнд өмнөд хөрш тун эвгүйцэж, манай улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны  яаманд нот бичиг хүргүүлжээ.

Урд хөрш гэхэд л хилээ хааж, хойд хөрш шатахуунынхаа им­портыг зогсоовол аймшигтай зүйл болно биз дээ. Тэгэхээр шинэ Зас­гийн газар эхийг нь эцээж, тугалыг нь тураахааргүй шинэчлэл хийх ёстой аж.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш