logo
Сонгуулийн нэмэлт зардлыг хэлэлцэв

Сонгуулийн нэмэлт зардлыг хэлэлцэв

2012/11/10
УИХ-ын чуулганы Баасан  /2012-11-09/ гаригийн  нэгдсэн хуралдаанаар “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, зэвсэгт хүчний онгоцоор юу зөөвөрлөхөөр оруулж ирснийг тодрууллаа. Түүний асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өгсөн тайлбартаа, “Сонгуулийн үеэр хэрэглэгдэх бүртгэлийн газарт шилжиж очоод байгаа тоног, төхөөрөмжийг цаг хугацаа алдахгүйн тулд зарим алслагдсан аймаг, орон нутагт онгоцоор тээвэрлэх шаардлагатай байгаа” гэлээ. Ингээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх болон Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцэх явцад Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүд гараагүй тул Байнгын хорооноос  дэмжигдсэн саналаар санал хураалт явуулж  гишүүдийн олонхийн саналаар дээрх асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Мөн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дараа нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей “Тогтоолын төсөлд шинэ нисэх буудлын байршлыг зөв тогтоох гэсэн байна. Энэ нь Японы тусламжаар Хөшигтийн хөндийд баригдах нисэх буудлыг хэлээд байна уу, эсвэл өөр шинээр буудал барих асуудлыг оруулж ирсэн юм уу. Түүнчлэн МИАТ-ын хувьчлалын асуудал яригдаж байгаа юм байна. Өмнө нь МИАТ-ыг Ирланд билүү нэг гадаадын компанид өгөөд тэр нь дампууруулаад явсан. Иймд заавал хувьчлах шаардлага байгаа юм уу гэдгийг тодруулсан юм. Зам тээврийн сайд А.Гансүх хариултдаа, “Шинэ нисэх буудлын байршлыг тогтоох нь Хөшигтийн хөндийн нисэх буудалтай холбоогүй. Энэ нь нөөц нисэх онгоцны буудал барих тухай  асуудал байгаа. МИАТ компани нь Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани төдийгүй, бусад улстай өрсөлдөхүйц хэмжээнд байхаар хуулийн төсөлд  тусгагдсан. Компанийн 51 хувь нь төрд байна. Одоогийн хийгдэж байгаа менежмент маш их зардалтай, улс төрийн болон эдийн засгийн эрсдэлтэй явж ирсэн гэдгийг хэлэв. Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 85,4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш