logo
 Ж.Мөнхбат: Сайн бөх төрөх нь тодорхой, төрж ч байна

Ж.Мөнхбат: Сайн бөх төрөх нь тодорхой, төрж ч байна

2012/11/10

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат нь Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, дэлхийд нэрээ үлдээсэн алдарт бөх билээ.

-Та сайхан намаржиж байна уу?

-Намаржаа тавтай сайхаан. Та бүхэн аятай сайхан намаржиж байна уу?

-Бага насны тань дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?

-Миний бага нас Төв аймгийн Эрдэнэсант сумын Сайхан баргын нутаг Буянтуул, Баянхар, Мөөрийн гол, Цахирын цагаан нуур зэрэг эр хүний хийморь сэргэсэн уул, ус жигдэрсэн байгалийн үзэсгэлэн хосолсон нутагт жирийн малчин айлын хүүхдүүдийн адил малтай ноцолдож морин дэл дээр өнгөрсөн.

-Бөхийн ертөнцөд анх хөл тавьсан түүх гэвэл...

-Төв аймгийн Баян-Уул сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн. Тэр жил Баян-Уул сум анхны наадмаа хийж, би өсвөр насанд түрүүлсэн юм. Энэ үеэс л өөртөө итгэж цаашид үзээд алдая гэж урам орж, сэтгэл шулуудсан.

-Барилдаж байсан бүхий л наадам сэтгэлд тань тодхон байдаг байх. Санаанаас тань гардаггүй хамгийн сайхан наадам гэвэл?

-40 жилийн ойгоор бидний барилдаанаас гадна ахмадын, хүүхдийн гэж нийтдээ гурван барилдаан болсон юм. Тэр наадамд Н.Жамъян аваргаас эхлээд Дорнодын “Хумбан хар” Балсан гуай, “Улаан хүзүүт” Дэлэг гуай, “Босоо” Банзар, “Хужаа” Чүлтэмсүрэн гээд олон сайхан ахмад бөх ирсэн. “Боохой” Данзан, “Гулзгай” Дамчаа нар л ирээгүй юм. Ахмад бөхийн барилдаанд Лхагваа арслан түрүүлж байсан. Одоо бодоход тэр л хамгийн сайхан наадам байсан санагддаг юм. Аваргууд маань ч бүгд амьд сэрүүн байсан цаг. Тэр жил шинэ аварга төрсөн нь С.Цэрэн. Би ч тэр аугаа их аваргуудын тоонд чүү чамай багтдаг байсан. Би Улсын наадамд 3 дараалан түрүүлж байж аварга цол хүртсэн хүн шүү дээ.

-Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1968 оны Мехикогийн олимпийн дэвжээнд барилдаж мөнгөн медалийн эзэн болчихоод Мексикийн гудамжаар алхаж явахад биднийг хүмүүс аль орны бөхчүүд вэ гээд л их асууж шалгаадаг байсан. “Хятадын Монгол уу, Оросын Монгол уу” гээд л асууж байсан. Тэр үед бид аль нь бишээ, бид “Чингисийн Монгол” гээд омгорхож байлаа. Мөн ДАШТ оролцож хүрэл медалийн эзэн болж байсан үе маань санаанд илхэн байдаг. Би 5 Олимп, ДАШТ-д гэвэл 10 гаруй удаа улс эх орноо төлөөлж оролцсон.

-Олимп, дэлхийн алдартнуудыг cap бүр цалинжуулж бүхий л насаар нь амьдралын баталгаатай болголоо.

-Ингэх ёстой юм чинь. Олимпоос медаль хүртсэн тамирчдад бүр илүү хандах хэрэгтэй.

-Монголдоо төдийгүй дэлхийд данстай 20 дугаар зууны их аварга, 21 дүгээр зууны их аварга болсон аав, хүү хоёр төрөх нь ховор тохиол шүү.

 -1984 онд Монголд Японы жүдочид ирсэн юм. Тэгэхдээ надад нэг сумо бөхийн сэтгүүл өглөө. Даваажаргал багаасаа л тэр сэтгүүлийг үзээд л сумо бөх барилддаг хүн болно гэдэг байсан. Би хувьдаа жүдогоор хичээллүүлэх сонирхолтой тэгтэл, заавал сумод л явна гэдэг байгаа. Тэгээд аав та намайг явуулж өг гээд шалаад, 15 настайд нь сумогийн их ертөнц рүү үдэж байлаа. Одоо их аварга болж улс орныхоо нэрийг гаргаж яваад нь бахархаж сууна. За даа, тэгээд Монголоос сайн бөх төрөх нь тодорхой. Төрж ч байна. Төрөх ч болно.

-Таны талаар олон онигоо, элэглэл байдаг хэр эмзэглэж хүлээж авдаг вэ?

-Янз янзын үнэл худал нь мэдэгдэхгүй яриа их л сонссон. Эмзэглэх юу байхав, ард түмнийхээ дунд яригдаж явах нь сайхан шүү дээ.

-Таныг ид барилдаж байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг. Хамгийн сүүлд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд амлаж хаячихаад тахимаа авахад “Чамайг салам зодно доо” гэж уурссан Д.Гомбосүрэн начин тэр жилийн наадамд таныг түрүүлэхэд баяр хүргэж үнсээд “Ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ, өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг.

-Бөх хүн гэж ийм л талбиун сайхан эрчүүдийг хэлдэг юм даа.

А.Алтанхуяг

Эх сурвалж: "Соёмбо"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш