Ямартай ч хүсэн хүлээсэн 2012 оны арванхоёрдугаар сарын 21 болоход сар хагасын хугацаа үлдлээ. Энэ өдөр ойртох тусам хүн төрөлхтний түгшүүр нэмэгдсээр л.
Дуусдаггүй ертөнцийн төгсгөлүүд
Ертөнцийн төгсгөл хэмээх энэ үг чухам хаанаас гарч ирэв. Үүнийг ойлгохын тулд юуны өмнө ертөнцийн төгсгөлүүдийг жагсааж бичих нь зүйтэй болов уу.
1284 он. Ромын пап III Иннокентий исламын шашин үүссэн үе дээр 666 жилийг нэмээд, энэ оныг галавын эцэс хэмээн мэдэгдсэн.
1666 он. Зургаан зуун жаран зургаа гэдэг нь чөтгөрийн тоо гэдгийг бүгд мэднэ. Энэ онд хүмүүс эцэг, хүү ариун сүнс бус, харин сатана ирнэ гэж айж байлаа.
1919 он. Одон орон судлаач Альберт Порта энэ онд нар дэлбэрч, дэлхий үүнд нь өртөнө гэж тооцоолжээ. Гэвч ийм зүйл болоогүй тул судлаач алдаа гаргаснаа хүлээж, олны өмнө уучлалт гуйсан аж.
2008 он. Дэлхий дээр 800 метрийн диаметртэй астероид унана хэмээж байв.
2009 он. Нострадамус Питер Лорийн нууцыг тайлах төвөөс энэ онд Армагеддон буюу ертөнцийн төгсгөл болно гэж үзжээ.
2010 он. Нефтийн нөөц шавхагдаж, хүн төрөлхтөн байгалийн энэ баялгийн төлөө дайтна. Түүнчлэн дэлхий нарнаас холдоно. Гэхдээ энэ нь түр зуурын ертөнцийн төгсгөл юм.
2011 он. Майягийн хуанли дуусч байгаа үе. Энэ онд ертөнцийн төгсгөл ирнэ гэж сүсэг бишрэлээр итгэсээр иржээ. Түүнчлэн “2005 YU55” хэмээх астероидтой мөргөлдөнө.
2012 он. Бас л майягийн хуанлийн удаан хүлээсэн ертөнцийн төгсгөл. Индиго буюу гасан хүүхдүүд үүнд бэлтгэхийг зөвлөжээ. Дэлхийн хүн амын ердөө 0.5 хувь нь л амьд гарах бололцоотой.
2013 он. Бурхдын мөхөл буюу Шүүх өдөр. Эхлэл төгсгөлийн өдөр. Нас барагдсдад үхэл, бурхдад амьдрал ирдэг.
2014 он. Астрофизикчид манай нарны системд сансрын тоосны үүл хуралдаж, байгаа бүхнийг замаасаа хамж авч явна гэж ярьдаг. Гунигт ертөнцийн төгсгөл юм.
2015 он. Соёл иргэншлийг мөхөөх 9576 жилийн мөчлөгийн төгсгөл.
2016 он. Дэлхийн цаг уурын байдлын шинжээч Жеймс Хансен энэ онд дэлхийн бүх мөс хайлж, эх газар усанд живнэ гэж баталж байна.
2017 он. Шаталсан гамшгийн онолоор ертөнцийн төгсгөл ирнэ.
2018 он. Нострадамусын зөгнөснөөр цөмийн дайн болно.
2019 он. “2002 NT7” хэмээх астероидтой мөргөлдөнө.
2020 он. Иоанн Богословын зөгнөлд үндэслэн Исаак Ньютон энэ онд ертөнцийн төгсгөл ирнэ гэж тооцоолжээ.
Энэ бол ертөнцийн төгсгөлийн тухай бүх зөгнөл ч биш. Үүнийг уншаад та 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нийг ээлжит шуугиан юм байна даа гэж бодож суугаа байх.
Майячууд дургүйцэж байна
Майячуудын хуанлигаас болж гарсан энэ шуугианд Гватемалын уугуул иргэд, майя түмэн илт дургүйцэж байна.
Ялангуяа тэд Засгийн газраа болон төрөөс санхүүждэг аялал жуулчлалын компаниудаа “Ертөнцийн төгсгөлийн талаар худал мэдээлэл цацаж, их хэмжээний ашиг олж байна” хэмээн буруутгажээ.
Гватемалын Соёлын яам саяхан 90 мянган хүнийг хамруулсан “Ертөнцийн төгсгөл” хэмээх баярыг зохион байгуулсан юм. Үүнийг “Oxlaljuj Ajpop” (Майя түмний нэгдэл)-ийн тэргүүн Фелипе Гомес болон бусад төлөөлөгчид эсэргүүцэж, “Майячуудын соёлыг гутаан доромжиллоо” хэмээн мэдэгджээ. Фелипе Гомес “Бид худал хуурмаг, үнэнийг гажуудуулж, бидний аман зохиолоор ашиг олж буйг эсэргүүцэж байна. Тэд цагийн мөчлөгийн талаар худал хуурмаг зүйл ярьж байна” хэмээсэн байна.
“Oxlaljuj Ajpop”-ийн мэдэгдэлд “Майягийн хуанли дуусч байгаа нь хувь хүн, гэр бүл, нийгэмд томоохон өөрчлөлт гарч, хүн төрөлхтөн байгальтайгаа төгс зохицохыг илэрхийлж буй” гэжээ.
Харин дэлхий ертөнц оршин тогтнохоо болино гэдгийг майячууд өөрсдөө үгүйсгэсэн байна.