"Тусгай салаа” киноны Сүлд болон өөр олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу жүжигчин А.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийг зорьж яваад автын осолд орон эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлж байсан. Тэрбээр толгойдоо хүндхэн бэртэл авч 20 гаруй оёдол тавиулжээ. Түүнийг зарим хэвлэлээр нас барсан хэмээн бичиж байв. Гэсэн ч тэрбээр одоогоор бие нь сайжирч эмнэлэгээсээ гарсан байна.
-Саяхан таныг осолд орж амь насаа алдлаа гэсэн мэдээлэл цацагдаж олон хүнийг цочирдуулсан. Одоогоор таны биеийн байдал хэр байна. Хэзээ эмнэлгээс гарсан бэ?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Биеийн байдал маань одоогоор гайгүй байна. Эмнэлэгээс гараад гурав хонож байна. Хийх ажлууд бас байгаа болохоор гам сайн барьж чадалгүй, ажилдаа ороод явж л байна. Аваарт орсны дараа “Цэл залуухнаараа бурхны оронд заларлаа” гэсэн мэдээлэл цацагдсан байхыг хараад үнэндээ гайхсан. Гэхдээ энэ үеэр юун ийм мэдээлэлд анхаарлаа хандуулах биеэ хурдан яаж биеэ тэнхрүүлэх вэ? Хурдан эрүүл саруул болох юмсан л гэж санаа зовж байсан. Харин найз нөхөд маань энэ мэдээлэлд үнэхээр их эмзэглэж байсан. Тэр мэдээг бичсэн сэтгүүлч надруу утсаар ярьж албан ёсоор уучлалт гуйсан
-Таныг осолд орох үедээ дуучин Аминатай хамт явж байсан гэсэн. Сүүлийн үед та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэж бичих болсон. Энэ хэр үнэний ортой вэ?
-Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн цуг зургаа авахуулсан л бол хайр сэтгэлийн холбоотой гээд л биччихдэг болж. Би тэр хүнийг уран бүтээлч хүнийх нь хувьд тодорхой хэмжээгээр мэднэ. Харин бид хоёрын хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн хобоо байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Гэтэл www.Factnews.mn гэдэг сайтад хүртэл “Урлагаас төрсөн хосууд” гээд биччихсэн байсан.хүмүүсийн анхаарлыг татах гэж худал мэдээлэл бичдэг хэвлэл мэдээллийнхэнд хандаж худал мэдээллээр уншигчдыг хуурахаа болиоч гэдгийг хэлмээр байна.
-Анх “Тусгай салаа” киногоор олонд танигдаж байсан. Одоо ч гэсэн таныг Сүлд гэж зарим нэгэн хүмүүс дууддаг. Анх энэ кинонд тоглох болсон тухайгаа эргэн дурсахад?
-Манай найз хэлсэн л дээ. “Олон ангит киноны проб авч байна. Чи очиж шалгуулаад үзээч” гэсэн. Тэгээд л Сүлдийн дүрд тэнцсэн. Энэ киноны Сүлдийн дүрдээ би маш их хайртай. Одоо ч гэсэн найз нөхөд маань энэ нэрэээр минь л дууддаг. Анх энэ кинонд дүр бүтээх санал аваад ер нь залуу хүн учраас төс байсан болохоор энэ дүрд тоглосон. Мэдээж Сүлд Алтанхуяг хоёр бол залуу хийж бүтээх чин хүсэлтэй залуус гэдгээрээ л төстэй. Харин амьдрал үзээгүй баян тарган айлын хүүхэд гэдэг бол тэс ондоо дүр л дээ. Тиймээс Сүлд бол миний дотор байгаа хүнээс тэс өөр хүн гэж боддог.Сүлд бол зовлон үзээгүй. Юм бүхэн нь бэлэн болохоор амьдрал нь утгагүй байгаа биз дээ. Харин жүжигчин Алтанхуяг бол дүүтэйгээ хоёулаа л амьдардаг. Амьдралаа болгочих юм сан, шударгаар хөдөлмөрлөж, хүнд тус болох юм сан гэж бодож явдаг залуу л даа.
-Гурван сар цэрэг байхад хэцүү байсан уу?
-Ер нь их сонирхолтой байсан. Цэргийн амьдралыг бусдын адил дарамт шахалттай ахлагч дарга нар нь байнга зодож нүддэг байх гэж боддог байлаа. Гэтэл очоод үзэхэд тэс өөр юм билээ. Шинэ цэрэг болоход их гоё байсан л даа. Эхэндээ алхаа гишгээг нь ч мэдэхгүй, хэцүү л байсан. Урьд нь цэргийн алба хаагаагүй минь тус болсон юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл тэр алхаа гишгээг нь мэддэг байсан бол мэдэхгүй дүр эсгэх гэж бас хэцүү байх байсан байх. (инээв)
-Хамгийн хэцүү нь юу байсан бэ?
Цэргийн ангид бид яг л шинэ цэрэг шиг байсан. Кинонд тоглож байгаа гэж бодож байсан ч ахмад, ахлагч нар нь тэгж хүлээж авдаггүй байлаа. Жагсаал дээр хамаагүй инээж, ханиаж ч болохгүй хэцүү байсан. Цэргийн дүрэм гэдэг үнэхээр хатуу чанга байдаг гэдгийг мэдэрсэн дээ. Бид тэр дүрмийг мэдэхгүй болохоор анхандаа энгэрийнхээ дэгээг мулталчихсан явж байгаад загнуулах жишээний олон асуудал гарч байсан. Сүүлдээ бид дүрмээ мэдээд яг л цэрэг болсон доо.
-Одоогоор кинонд тоглох санал хэр ирж байна?
-Мэдээж ирэлгүй яахав. Гэхдээ бусдын бодож байгаа шиг их бол ирдэггүй. Яагаад гэхээр би Анх “Тусгай салаа” киноны “Сүлд”-ийн дүрийг бүтээсэн. Гэтэл өөр кинонд өөр дүр бүтээх гэхээр үзэгчид Сүлдээр хүлээж авна гэж найруулагчид ойлгодог. Энэ бол нэг талаар үнэн байж болох ч нэг талаар өрөөсгөл ойлголт ч юм шиг л санагддаг.
-Хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ? Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас биокомбинатад өнгөрсөн. Одоогийн хүүхдүүдийг бодвол эрүүл агаарт маш их аз жаргалтай өнгөрсөн дөө. Биокомбинатад байдаг байхдаа хурдны морь унадаг байсан. Тэгээд найзуудаараа нийлээд хурдны морьтой танихгүй айлд очоод л суучихдаг байсан. Тэгэхдээ олон ажил хийнэ унага татаж өгнө, адуунд явна гээд л багаасаа моринд донтой хүүхэд байлаа. Миний очсон айлын маань ах, эгч хоёр залуухан гэр бүл байсан. Тэр хоёр маань учиргүй том уяачид биш л дээ. Аав, ээжээсээ өвлөж авсан малаа л хардаг тийм хоёр хүн байсан. Томоохон уралдаанд амжилт үзүүлж байгаагүй ч дундуур уралддаг байлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлээс дурдвал. Таныг “Ану хатан” кинонд тоглосон гэж байсан
-Тиймээ. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл маань Баруун Монголын Галдан бошигт хааны алдарт “Ану хатан” түүхэн киноны ууган хүүгийнх нь дүрийг бүтээсэн байгаа. Мөн “tv8” телевизийн Монстер шоуны хөтлөгчөөр ажиллаж байна. Бас биеийн байдал маань сайнгүй байгаа болохоор зарим нэгэн ажлууд маань хойшлогдож байгаа.
-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач? Хэнтэйгээ амьдардаг вэ?
-Аавыгаа ерөөсөө мэддэггүй. Ээжээсээ асуух гэхээр айгаад болдоггүй юм. Ээж маань төсвийн байгуулагад ажилладаг. Би багаасаа л амьдрал үзэж өссөн дөө. Жимс түүж зардаг байлаа. Зун болохоор хөдөө адуу мал эргүүлээд явдаг байсан. Наймдугаар ангийнхаа хонхны баярыг хөнгөн цагаан цуглуулж, тушаагаад тэмдэглэж байсан. Одоо энэ бүхнийг бодохоор сайхан дурсамжтай санагддаг. Би дүүтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр биеэ дааж амьдраад бараг арван жил болж байна. Дүү маань одоогоор 3-р дамжааны оюутан.
-Мэдээж одоогоор ганц бие юм чинь бүсгүйчүүд эргүүлнэ л биз. Болзоонд их явж байна уу?
-Мэдээж залуу хүн учраас энэ бол байх асуудал. Гэхдээ би бол бүсгүйчүүд намайг эргүүлээсэй гэхээсээ илүү өөрт таалагдсан бүсгүйгээ л эргүүлэхийг боддог шүү дээ. Зүгээр нэг хэлбэр хөөсөн охидуудыг сонирхдоггүй. Ер нь эмэгтэй хүмүүсийг харахад л ямар хүн бэ гэдэг нь нүднийх нь харцнаас л харагддаг. Амьдралын төлөө гэсэн чин хүсэлтэй, амьдралыг бусдаар болгуулах биш өөрөө болгохын төлөө хичээдэг тийм бүсгүйчүүд таалагддаг. Мэдээж энэ бол гаднах төрхийн асуудал биш л дээ. Би бас оюутан ахуй цагийн нэлээд олон эмэгтэй найзтай. Миний хажууд ямар найзууд маань үлдсэн байна гээд л харахад үнэхээр амьдралын төлөө өөрөө зүтгэж, өөрөө хийдэг тийм найзууд маань л үлдсэн байдаг. Одооны охидууд ихэнхи нь амьдрал гэхээсээ илүү өөрийгөө гоёж гангалахдаа л хамаг анхаарлаа хандуулдаг болж. Тийм хүмүүсээс илүү дотроо бодолтой ухаалаг эмэгтэйчүүд л таалагддагдаа.
-Таныг осолд орсноосоо хойш их шүтлэгтэй болсон гэж байсан. Энэ үнэн үү?
-Шашины хувьд нэг их шүтлэг байхгүй байсан. Гэхдээ аваарт орсноосоо хойш нэлээд шүтлэгтэй болж байнаа даа. Манай шарийн шашин бол буруу зүйл байхгүй гэж боддог. Аваарт орохоосоо өмнө шашин гэхээсээ илүү өөртөөл итгэдэг гэдэг байлаа. Гэхдээ одоо бол хүнд ямар нэгэн сүсэг бишрэл байх хэрэгтэй гэж боддог болсон. Мэдээж бүх шашин хүний сайн сайхны л тулд зориулагдсан байдаг болохоор миний хувьд тэр шүтлэг нь уул, ус хангай дэлхий л гэж боддог доо.