Амьд явахад их юм үзнэ гэж аргагүй үнэн үг юм. Улаанбаатар хотын хамгийн том гүүрнүүдийн нэг, нийтийн эзмшлийн хөрөнгө гэж бодож явсан Энхтайваны гүүр нилээд хэдэн жилийн өмнө хувь хүний эзэмшилд очсон гэнэ. Уг нь энэ гүүрийг БНХАУ-ын тусламжаар барьж, 1964 онд ашиглалтад оруулж байсан юм гэнэлээ. Нийтдээ 377.1 урт метр урттай төмөр бетонон гүүрийг 1999 онд “Ган гүүр” ХХК урсгал засварын ажил хийсэн байдаг. Үүнээс хойш 2006 онд БНХАУ-ын зам гүүрний компани их засварын ажлыг хийж гүүрний доод талын дам нуруунуудыг солих од асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энхтайваны гүүр нь 377.1 урт метр урттай 11.4 метр алгасал, дөрвөн эгнээ, гүүр доогуур зорчих хоёр урсгал эгнээтэй манайдаа л томд орох байгууламж. Харамсалтай нь энэ гүүрийг Сүхбаатар гэгч хүний эзэмшилд шилжүүлсэн байсан нь саяхан тогтоогджээ. Сүхбаатар гэгч энэ нөхөр хувийн өмч болох Энхтайваны гүүрийг дуртай өнгөөрөө будаж суудаг гэнэ. Сүүлийн үед мэргэжлийн байгууллагууд “Энхтайваны гүүрний доод тал цуурсан, засварт оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг мэдэгдэл хийгээд байгаа. Тэр ч бүү хэл ирэх хавраас уг гүүрийг засах төлөвлөгөө гарсан. Үүнээс болж эзэн нь энэ гүүрийг мөнгө гаргаж засах уу, эсвэл төр мөнгө гаргах уу гэдэг асуудал гарч ирээд байна. Нэгэнт л хувийн өмч бол хувийн өмч. Хэзээ нэгэн цагт “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм гээд хэн нэг танихгүй этгээд Энхтайваныг нүүрийг хаагаад хэвтчихвэл гайхах хэрэггүй л болоод байна.
Нөгөө талаар нийтийн эзэмшлийн энэ том байгууламжийг хэн гэгч нөхөр, хэзээ, ямар үнээр, яах гэж хувьчилж авсан нь тун тодорхойгүй байгаа юм. Энхтайваны гүүрийг хувьчилж, бусдын эзэмшилд яагаад шилжүүлсэн нь ч бүрхэг байсаар байна.
SHUDARGA.MN