logo
Хятадын төрийг захирах шинэ ханхүү, гүнж

Хятадын төрийг захирах шинэ ханхүү, гүнж

2012/11/13
Украины “Сегодня” сонинд гарсан нийтлэлийг хүргэж байна.

БНХАУ-д төрийн эрхийг шилжүүлэх ёслол өмнө нь нууцлаг болдог байсан. Харин өдгөө тус улс дэлхийн хоёрдогч том эдийн засаг болж, их гүрний хэм­жээнд хүрсэн тул төрийн эрхийг хэн барих бол гэсэн асуултын хариултыг дэлхий дахин чих тавин чагнаж сууна.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Хятадын Коммунист намын XVIII их хурлаар намын тэргүүн, цаашлаад улс орны тэргүүний албан ту­шаалыг Си Цзиньпинд өгөх магадлалтай байна. Их хурлын үеэр төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс таксины үйлчлүүлэгчдийг цонхоо нээхийг хориглож буй бөгөөд гудамжны ил зад­гай худалдааг бүрэн зог­соо­жээ. Түүнчлэн агаарт цаасан могой, тагтаа нисгэхийг ч хориглосон гэнэ. Тэд энэ их хуралд маш их ач холбогдол өгч буй нь илэрхий байна.

Хятадын засаг төрийн ханхүү

Энэ их хурлаар улс орныг дараагийн 10 жилд удирдах хүний нэрийг зарлах нь тодорхой.
Харин байр сууриа өгч буй Ху Жинтаогийн араас “алтан залуус” буюу Мао Зедуны үеийн баатрууд болох нөлөө бүхий улстөрчдийн хүүх­дүүд гарч ирж байна. Хятадууд тэднийг өөрсдөө “хан­хүү нар” хэмээн нэр­лэдэг. Эдгээр “ханхүү”-гийн хамгийн тод жишээ бол Си Цзиньпин юм.
Си Цзиньпиний эцэг агуу их Маотой хамт тулалдаж, ком­мунистууд ялсны дараа Шадар сайдын албыг ха­шиж байсан гэдэг. Си Цзиньпиний тухай мэдээлэл тун бага. Хятадын төр захиргаа интернэт, хэв­лэл мэдээллүүдээр гарсан түүний тухай мэдээллийг нарийн хянадаг аж. Яг үүн шиг 2002 онд Зянь Зэминий зал­гамж­лагч Ху Жинтао ч “битүү морь” байсан. 
Өдгөө 59 настай Си Цзиньпиний биеийн байдал их хурлаас өмнөхөн гэнэт муудсан гэх шуугиан дэгдсэн. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Хиллари Клинтон нарын улстөрийн томчуудтай хийх уулзалтуудаа цуцалж, хоёр долоо хоногийн турш хэвлэл мэдээллийн “радар”-аас алга бол­сон. Харин удалгүй олны өмнө гарч ирэхэд нурууных нь өвчин сэдэрсэн байж болзошгүй гэсэн яриа гарсан билээ. Гэвч үүнд тэрбээр ямар ч тайлбар өгөөгүй.
Ерөнхийдөө хятадууд Си Цзиньпинийг эхнэрээр нь таньдаг гэхэд болно. Түүний гэргий, 50 настай Пэн Лиюань нь алдартай дуучин бөгөөд Хятадын ардын дууг сайн дуулж, Хятадын цагаан сард зориулсан олон концертод оролцож байсан нэгэн. Гэвч тэрбээр нөхрөө 2008 онд Хятадын орлогч дарга болсноос хойш тайзнаа гарахаа больсон юм.
Олон улсын тоймчид Лиюанийг Мишель Обаматай адил нэр хүндтэй тэргүүн ха­таг­­тай болно хэмээн таа­маг­лал дэвшүүлж байна. Одоо­­гоор тэрбээр хилийн ча­над дахь айлчлалуудад нөх­рөө да­­гаж явдаггүй, нууц­лаг байд­лаар аж төрж байгаа бо­­ло­хоор Си Цзиньпинээс илүү ол­­ны со­нирхлыг татаж буй аж.

Улстөрийн “гүнж”

Хятадын Коммунист намын XVIII их хурлаар Улстөрийн товчооны байнгын гишүүдийн дунд анх удаа эмэгтэй хүн гарч ирж байгаа аж. Энэ бол Лю Яньдун юм. Хөдөө аж ахуйн дэд сайд асны охин тэрбээр Хятадын төрийн тэргүүн Зянь Земиньтэй ураг төрлийн холбоотой гэсэн яриа ч байдаг гэнэ.
Гуверийн хүрээлэнгийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадын улстөрийн “гүнж” болсон Лю Яньдун нь либераль үзэлтэй бөгөөд Улстөрийн товчоонд “суртал ухуулгын хатан” болох магадлалтай.
Сонирхуулахад Хятадад эмэгтэйчүүд албан хэрэгт оролцдог ч шийдвэр гаргах түвшний албанд очих нь ховор аж.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш