С.В.Паушокийн татварын өр, эрүүгийн хэрэг, Засгийн газартай арбитрын шүүхээр шүүхдэлцсэн энэ тэр асуудлаас нь болоод манай улсын хилээр орж, гарахыг нь хязгаарласан гэдэг мэдээлэл байдаг ч тэр нь худлаа аж. Тэрбээр үе үе сэмхэн Монгол Улсад ирж, хуучин компаниа эргээд явдаг гэдгийг ажилчид нь хэлдэг юм билээ. Улс дамнасан зарга тарьж, манай прокурорынхныг дарамталж суусаар хэргээ хэрэгсэхгүй болгосон том толгойтой, эрээ цээрээ алдсан баян хүн гэж гэж түүнийг хэлдэг. “Алтан Дорнод Монгол” компанийн нэхэмжлэлтэй, Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын улсын байцаагч нартай холбоотой хэрэг дэгдэж байсныг Дээд шүүх шийдвэрлэж байсан удаатай. Нэр бүхий татварын байцаагчид тус компанийн 2006, 2007 оны татвар төлөвлөлтийн байдлыг шалгаж, зөрчил илрүүлжээ. Зөрчилд нь акт тогтоож, 44 тэрбум 600 сая гаруй төгрөгийн зөрчилд хоёр тэрбум 50 сая төгрөгийн нөхөн татвар, дөрвөн тэрбум 900 сая төгрөгийн хүү, гурван сая 90500 төгрөгийн торгууль тавьжээ. Нийтдээ долоон тэрбум орчим төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Үүнийг заргач С.В.Паушок эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан аж. Гаргасан актын зөвхөн зургаан тэрбум гаруй төгрөгийн зөрчилд холбогдох зургаан сая гаруй төгрөгийн нөхөн татвар, нэг тэрбум 220 сая гаруй төгрөгийн хүү, гурван сая 90500 төгрөгийн торгуулийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч бусдыг нь төлөхгүй гэсэн байна.
Ингээд 38 тэрбум гаруй төгрөгийн зөрчилтэй холбоотой хоёр тэрбум 44 сая төгрөгийн нөхөн татвар, гурван тэрбум 681 сая төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж дээрх улсын байцаагчийн актын нэгдүгээр хавсралтын 1,2,4,6 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх анх хянан хэлэлцээд “Алтан Дорнод Монгол” компанийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, өршөөнгүй хандсан байна. Ингэхдээ алтны нэг тэрбум 894 сая төгрөгийн орлогод зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй зөрчилд нэг тэрбум 288 сая төгрөгийн нөхөн татварт 644 сая гаруй төгрөгийн хүү ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Гэтэл С.В.Паушок дахин давж заалдсан аж. Иймд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт зарим нэг өөрчлөлтийг оруулсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Алтан Дорнод Монгол” компани нийтдээ нөхөн татвар, торгууль болон хүүгийн төлбөрт таван тэрбум 19 сая гаруй төгрөгийг улсын төсөвт төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. Хэрэв тэрбээр дахин давж заалдаагүй бол үүний тал мөнгийг төлөөд зогсох байв.
Үүнээс гадна “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой залилангийн хэрэг, С.В.Паушок, тус компанийн тэргүүн дэд захирал, Санхүүгийн албаны дарга нартай холбоотой эрүүгийн хэрэг гээд шүүхийн хаалга татсан ч хэрэгсэхгүй болгосон. С.В.Паушок хууль хяналтын байгууллагад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй оргон зайлаад зогсохгүй түүнчлэн алт цөлмөсөн газартаа ганц ч нөхөн сэргээлт хийлгүй алга болжээ. Түүнчлэн олон улсын Арбитрын шүүхийн маргаан гэдэг нь маш их өндөр өртөгтэй зүйл. Манай Засгийн газар өнөөгийн түвшинд олон улсын маргаанд бүрэн бие дааж оролцох хэмжээнд хүрээгүй. Мэдлэг, ур чадвар, туршлага, англи хэл, боловсон хүчний хангамж, цалин хөлс гээд олон талаар хангалтгүй, бэлтгэгдээгүй байдаг. Иймд манай Засгийн газар олон улсын маргаануудад гадаадын өндөр өртөгтэй өмгөөлөгчдийг хөлсөлж ажиллуулдаг байна. “Алтан Дорнод Монгол”-ын хэрэгт өмгөөллийн зардалд АНУ-ын “Милбанк”, “Твийд энд Маклой” хэмээх өмгөөллийн пүүстэй хамтран манай Засгийн газар 2007 оноос хойш хамтарч ажилласан. Шүүх хурлуудад өмгөөлөгчдийн зардал, Арбитрын бүрэлдэхүүний шүүгч нарын зардлыг талууд хувааж төлдөг зарчмаар манайхаас нийтдээ таван тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ их мөнгөөр иргэдэд хүртээмжтэй зүйл хийх хэрэгтэй байсан ч нэдэр дээрээ ямар ч ажил хэрэг бололгүй салхинд хийсгэсэн нь харамсалтай юм.