Дугаар хорооны иргэнд хаягласан олон тооны анхааруулах хуудсыг гудамж, талбайгаар нэг тараажээ. Тэдгээр анхааруулах хуудсыг Хороогоо аврах шударга иргэдийн хөдөлгөөнөөс тараасан гэх бөгөөд элдэв тамга тэмдэг, гарын үсэг, он сар, нэр ус байхгүй.
Анхааруулгад ийн бичжээ. Сонгогч танд хорооны Засаг дарга нар энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ямар нэгэн зүйл хийж хэрэгжүүлэхээр амлавал урьд нь яагаад хийгээгүй юм гэж бодоод өнгөрөөрэй. Мөн мөнгө төгрөг, бэлэг сэлт өгвөл монгол хүн байна даа, ёсыг бодож аваарай гэжээ. Ингэж мөнгө авсан ч харин сонголтоо хийхдээ өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, амьдарч байгаа орчноо сайжруулахын төлөө, хорооны “хорчдоос” салахын төлөө сонголтоо хийгээрэй гэж урилсан байв. Түүнчлэн хорооны дарга нарын зүгээс сонгогч танд элдэв худлаа зүйл амлаж, амьдралын чинь үлдэх насыг, үр хүүхэдтэй чинь даая гэх нь холгүй уулзах болсныг анхааруулан сэрэмжлүүлж байна. Уг нь өөрийгөө яая гэж байж, хор найруулахаас өөр зүйл хийж чадахгүй, хороон даргаас нь болиулчихвал тэгээд л өнгөрөө шүү дээ гэсэн байх юм.
Анхааруулгад өгүүлсэнчлэн хорооны бүх Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах үндсэн үүргээ умартаж, тойрон хүрээлэгч, цөөн хэдэн хүнийхээ төлөө ажилласаар ирсэн гэж би бодохгүй байна. Яахав мэр сэр байдаг л байх. Учир нь би ч дугаар хорооны иргэн. Миний амьдарч байгаа хороо бусад хороодыг бодвол гэрэлтүүлэг муу, хог хаягдал ихтэй, төвөөс алслагдсан гээд асуудал их. Гэхдээ энэ бүхэн хорооны Засаг даргаас гэхээсээ илүүтэй оршин суугчдын ухамсаргүй үйлдэлтэй шууд утгаараа холбоотой мэт санагддаг.
Харин ингэж анхааруулагчдад өгөх анхааруулга байна. УИХ-д суудалтай гурван нам /одоогийн гурван том нам/ зэрэгцэж суугаад орон нутгийн сонгуулиар хуулиа хэрэгжүүлж ажиллахыг анхан шатны нэгжүүддээ сануулсан. Үүнийг анхааруулагчид сонсоогүй бололтой. Та бүхэн аль нэг намын нөхдүүд бөгөөд бас л орон нутгийн сонгуульд ялалт байгуулах гэсэндээ бусдыгаа гүтгэн, “хар пиар” хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хуулийн хүрээнд шударга өрсөлдье.
Орон нутгийн сонгуулийн хуульд сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах зэргээр мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах нь хориотой байдаг. Тэгээд ч сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна. Үүнийг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, эсхүл 14 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Түүнчлэн сонгуульд оролцогч нам, эвсэл болон бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо хууль дээдлэх, шударга ёсыг сахих үүрэгтэй. Ийм байхад элдэв төрлийн гүтгэлгийн чанартай ухуулах хуудас тарааж байгаа нөхдүүдэд анхааруулахад энэ нь эрүүгийн хариуцлагад татагдах байдалд ч хүргэж болзошгүй юм шүү.
Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно гэж хуульд заасан бөгөөд зөрчсөн тохиолдол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийнбайгууллага болон бусад хуулийн этгээдийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заасныг анхааруулагчдад анхааруулъя.
М.Бүүвэй